Монголд эмчлэх боломжгүй өвчний төлбөрийн 50 хувийг буцаан олгохгүй байгаа асуудлаар БНСУ-д эмчлүүлж буй охины ээж Б.Бадамцэцэг өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Охин минь Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний улмаас БНСУ-д хоёр жилийн хугацаанд эмчлүүлж буй. Уушгины тасагт байнгын хяналтад байх шаардлагатай гэсэн оноштой. Таван төрлийн эм уудгаас гурав нь л Монголд бий. Мөн түнхний хагалгаанд яаралтай орох заалттай. Гэвч хагалгааны зардалд 25-50 сая вон буюу 60-120 сая төгрөг шаардлагатай. Нөхөр бид хоёр БНСУ-д эмчилгээний визээр амьдардаг. Гэхдээ охиныхоо эмчилгээний төлбөрийг таслахгүйн тулд “Монгол таун”-ы гадна боорцог хийж, тараг бүрж зардаг юм. Хэн ч харь улсад шигдэж амьдрахыг хүсэхгүй шүү дээ. Гэхдээ өвчтэй хүүхдээ эх орондоо авчирлаа гэхэд нөхөн сэргээх стандартад нийцсэн эмнэлэг манайд бий юү. Мөн өмнөх эмчилгээний зардлын буцаан олголтыг одоо болтол авч чадаагүй. Эрүүл мэндийн яамнаас гаргасан журамд Монголд эмчлэх боломжгүй өвчнөөр гадаадад эмчлүүлсэн тохиолдолд зардлын 25-50 хувийг буцаан олгохоор заасан байдаг. Гэтэл энэ нөхцөлд хамаарах хүүхдүүд буцаан олголтоо авч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндийн салбарын тогтолцооны га¬жуудлаас үүдэн иргэд хохирч байна шүү дээ. Тиймээс бодлого боловсруулах түвшний хүмүүс үүнд анхаарах нэн шаардлагатай. Бидэнд бодлого хэрэгтэй болохоос хандив биш. Хандив цуглуулаад эмчлүүллээ гэхэд бидний араас энэ хүүхэд яаж байгаа бол гэж холбогдох байгууллагынхнаас хэн нь ч асуудаггүй. Тиймээс бид хүний нутагт ойд төөрсөн мэт л байдаг юм. Бидний төлөө ажиллана, бодлого боловсруулна гэж төрд гарсан хүмүүс нь ажлаа хийгээч гэж хэлмээр байна” гэсэн юм.
У.Сүрэн