Уран бүтээлч М.Чимэдлхагва “Цаг хугацаа үгүй” хэмээх анхны бие даасан үзэсгэлэнгээ Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэлээ. Тэрбээр модон сийлбэр болон бар зургийн техникийг хослуулан хар, цагаан өнгөөр тодорхой бус дүрүүд болоод тэдгээрийн хоорондын харилцааг бие биедээ уусан шингэж буйгаар дүрсэлдгээрээ онцлогтой. Энэ нь оршин буй бүхий л зүйл өөр хоорондоо шууд болон шууд бус холбоотойг илэрхийлж байгаа гэнэ.
Мөн аль ч нийгэмд хүний амьдралын мөн чанар ижил бөгөөд гагцхүү өөрчлөгдөж буй зүйлс нь зөвхөн харагдах байдал төдий. Дотооддоо үл зогсох цаг хугацаанд амьдрал мөнхөд үргэлжилсээр л байдаг гэсэн санааг агуулжээ. Харин хар, цагаан өнгөөр дамжуулан амьдрал үнэн, худлын заагт оршдогийг харуулахыг зорьсон тухайгаа уран бүтээлч М.Чимэдлхагва онцолсон юм.
“Цаг хугацаа үгүй” үзэсгэлэнг энэ сарын 29-ийг хүртэл олны хүртээл болгох бөгөөд үнэ төлбөргүй аж.
У.СҮРЭН