Манай улс анагаах ухааны оргил эмчилгээний нэг болох эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулаад 30 орчим жил болжээ. Уг нарийн технологийн чадавх, өвчтөний амьдралын чанарын үзүүлэлтүүдээрээ ч бид дэлхийд дээгүүр үнэлэгдэж байна. Өдгөө үйлчлүүлэгчдийн амьдрах чадамж нэг жилд 93.9,гурван жилийн дундаж нь 84.8 хувьтай байгаа. Тухайн хүнд шилжүүлсэн эрхтэн нэгэнт өөриймссөн бол тав болон түүнээс дээш жил амьдрах магадлал нь 88.2 хувь болж нэмэгдсэнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга Б.Бат-Ирээдүй танилцуулсан. Гэхдээ эдгээр үзүүлэлт бол зөвхөн өнгөц буюу мэс заслын тоонд харьцуулсан л амжилт, чанар юм. Үнэндээ энэ бүхний цаана эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний хүртээмж, донорын олдоц,төсөв санхүүгийн байдал, боловсон хүчний нөөц зэрэг нь ямархуу вэ гэдгийг сонирхох хүн бараг байдаггүй.
“Монголд элэг, бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийж байхад яагаад зарим нь гадаадад эмчлүүлэхээр явдаг юм бэ” гэж гайхах хүн ч олон. Тэгвэл бодит байдалд эмнэлгүүдийн эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын чадамж, дотоод нөөц бололцоо, улсаас төсөвлөдөг санхүүжилт хаанаа ч хүрэлцдэггүй аж. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тиймдээ ч манай улс эрхтэн шилжүүлэн суулгах технологийг нэвтрүүлсэн 1996 оноос хойш өдийг хүртэл 1000 ч хүрэхгүй хүнд ийм эмчилгээ хийгээд буй биз. Тодруулбал, улсын хэмжээнд одоогийн байдлаар 500 орчим хүнд элэг, 400 үйлчлүүлэгчид бөөр шилжүүлэн суулгаж. Энэ нь хөгжиж буй орны хувьд чамлахааргүй тоо мэт сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ цаг хугацааг ухрааж харвал уг эмчилгээний хүртээмж төдийлөн ахисангүй. Хөгжил нь ч нэг хэвэндээ гацчихсан гэж хэлж болохоор байна. Яг л хөлгүй далайд сэлүүргүй завиар салхины аясаар хөвж яваа мэт.
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг “хайрцгаас” нь гаргаж, шинэ шатанд хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, төсөв санхүүжилтийг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан нь өвчтөнүүдийн хүлээгдлийн жагсаалт юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанд өнөөдрийн байдлаар бүртгэлтэй, донор хүлээх жагсаалтад 1200 гаруй хүн байна. Тэд бүгд гэр бүлээсээ, ойр дотнынхноосоо донор эрхтэн хайгаад олж чадаагүй тул ийнхүү амьгүй донор гарч ирэхийг нүдээ ширгэтэл хүлээж буй хэрэг.
Хүлээгдлийн жагсаалт дахь өвчтөний тоо ч хийсвэр гэдгийг Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Б.Алтантулга хэлсэн. Учрыг тодруулбал, эдгээр 1200 хүн бол эрхтэн шилжүүлэн суулгуулах нэн шаардлагатай буюу амь нас нь дээсэн дөрөөнд дэнжигнэж буй учраас ийнхүү дараалал “дайрч” хүлээгдлийн жагсаалтад багтжээ. Цаана нь элэгний В, С вирустэй, хавдартай, мөн бөөр орлуулах эмчилгээнд хамрагдаж буй өчнөөн мянган хүн бий. Таван мянган хүн тутмын нэг нь бөөрний ямар нэгэн архаг үрэвсэл, дутагдлын улмаас диализын эмчилгээ хийлгэж буй гэсэн судалгаа ч байна. Өнөө, маргаашдаа биш ч тэд бүгд эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх заалттай. Амьдрах эцсийн найдвар нь үүнээс өөр байхгүй гэсэн үг. Тэдгээр хүнийг хүлээгдлийн жагсаалтад нэмбэл цочирдом тоо гарна гэдгийг Б.Алтантулга нэмж тодотгосон юм. Тиймээс уг эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эхлээд хууль, эрх зүйг нь боловсронгүй болгох шаардлагатай гэж үзжээ. Тэрбээр “УИХ-д саяхан өргөн барьсан, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлд эл эмчилгээний тоог нэмэгдүүлэх бодлогын зохицуулалтыг оруулсан. Манай улсад цуллаг эрхтнээс бөөр, элэг л шилжүүлэн суулгаж байгаа. Тэгвэл өндөр хөгжилтэй болон хөгжиж буй бусад улсад олон төрлийн цуллаг эрхтнийг шилжлүүлэн суулгах мэс засал хийж байна. Тиймээс хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд эхлээд бие даасан хуультай болох хэрэгтэй. 1996 оноос хойш хийгдсэн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний амьд, амьгүй донорын харьцаа 70, 30 хувьтай байсаар ирсэн. Өмнө нь ганцхан УНТЭ-т л элэг шилжүүлэн суулгах мэс засал хийдэг байсан бол дараа нь Хавдар судлалын үндэсний төвд, хамгийн сүүлд Улсын хоёрдугаар төв эмнэлгийнхэн уг технологийг нэвтрүүллээ. Тэд өнгөрсөн сард анхны хагалгаагаа хийсэн нь амжилттай болжээ. Мөн УНТЭ-ээс гадна энэ жилээс Цэргийн төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхээр төлөвлөсөн. Үүний хүрээнд тус эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгах баг байгуулж, бэлтгэл ажлуудаа хангаж байгаа. Гэсэн ч эмнэлгүүдийн дотоод нөөц бололцоо, төсөв мөнгөний гачигдал, хүний нөөцөөс хамаараад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний “нийлүүлэлт” өнөөгийн эрэлтийг хангахгүй, хүлээгдэл ихтэй, үе үе тасалддаг хэвээрээ. Хүлээгдлийн жагсаалтад нэн яаралтай хүмүүсийг оруулахад л дээрх тоо гарч буй. Хэтдээ үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэнэ үү л гэхээс буурахгүй. Элэгний В, С вирусийн тархалт багасаагүй, хавдрын нас баралт, өвчлөл ямар түвшинд хүрээд байгаа билээ. Өдгөө бөөр, хэвлийн эрхтэн орлуулах эмчилгээ хийлгэж буй бүх хүн алсдаа эрхтэн шилжүүлэн суулгах шаардлага үүснэ” гэж ярив.
Эмнэлгүүдэд хийсэн эрхтэн “солих” нийт эмчилгээний 47.7 хувийг бөөр, 52.3 хувийг элэгнийх эзэлж буй бөгөөд эдгээр нь дээр хэлсэнчлэн эрэлт, хэрэгцээ өндөртэй, хүлээгдэл ихтэй байна. Донортой мөртөө одоо ч хагалгаандаа орж чадаагүй олон хүн дугаар, дарааллаа хүлээн сууна. Энэ нь амьгүй донор хүлээхээс арай өөр ойлголт. Тэд бол дэд бүтэцгүйн зовлонг үүрч буй хүмүүс. Учир нь төр засаг хүнээ эмчлэх болохоор мөнгөгүй, ядуу болчихдог. Одоо болтол эрхтэн шилжүүлэн суулгах бие даасан төвгүй, хүний нөөцийн дутагдалтай, эмч нар нь үндсэн ажлынхаа хажуугаар эл эмчилгээг тасалчихгүй гэсэндээ л арайхийн авч явдаг. Уг нь УНТЭ-т элэг, бөөрнөөс гадна ясны чөмөг, үүдэл эс, нүдний эвэрлэг, үе, шөрмөс гээд цөөнгүй эд, эрхтэн шилжүүлэн суулгадаг ч хүртээмж маш муутай. Арга ч үгүй биз дээ, эмч нар өдөр тутмынхаа цөсний хүүдий, олгой “авах” ажлаас илүү гардаггүй юм билээ.
Олон улсын жишгээр 1 000 000 хүн тутамд эрхтэн шилжүүлэн суулгах нэг төв байхад эрэлтийг хангана гэж үздэг. Монголд ийм төв хэд байх нь үүнээс ойлгомжтой харагдах биз ээ. Харин бид ганцхан тасагтай. Тэр нь УНТЭ-ийн “бөөрөнд” байрлах бөгөөд үүнийгээ Эрхтэн шилжүүлэн суулгах төв гээд нэрлэчихсэн ухаантай. Гэтэл цаана нь бүхэл бүтэн эмнэлэг баригдахыг битгий хэл, ор ч хүлээх тэнхэлгүй өчнөөн хүн байдаг, яана даа.
Манай дарга нар ч “Дүлийдээ найдаад унгараг” гэгчээр эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг хэдэн эмч нартаа аль эртнээс даатгаад хөсөр хаячихсан. Ингэж хэлсний учир нь тэртээ 11 жилийн өмнө буюу 2014 онд УНТЭ-ийн дэргэд эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төв барихаар болж, тухайн онд анхны санхүүжилтийг нь төсөвт тусгаж байлаа. Харамсалтай нь, өнгөрсөн хугацаанд төсөв мөнгийг нь өгөхгүй байсаар өнөөдөртэй золгов. Төвийн нийт төсөвт өртөг нь нэмэгдсээр өдгөө 140 тэрбум болоод буй. Өнгөрсөн жилийн эхээр төвийн суурийг цутгах төлөвлөгөөтэйгөөр төсөвт 40 тэрбум төгрөг тусгуулсан ч он шувтрахтай зэрэгцэн суурийг нь цутгасан болоод бас л хаясан шүү дээ. Барилгын ажлыг хэзээнээс эхлүүлэх нь ч тодорхойгүй байна. Шав тавих үеэр эрх баригчид эрхтэн шилжүүлэн суулгах төвийг 2026 онд ашиглалтад оруулна гэж амласан. Даанч тэдний амлалт өнгөрсөн өвлийн эхний цастай хамт замхарч, барилгын ажил нь ч зогсон, албаныхан эл сэдвийг “хаасан”.
Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг хугацаанд нь биш юм аа гэхэд зураг төслийнх нь дагуу барьж, ашиглалтад оруулчихвал дээрх салангид эмчилгээнүүдийг нэгтгэх замаар тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээгдлийг бууруулах давуу талтай. Өөрөөр хэлбэл, бие даасан төвтэй болсноор эмч, мэргэжилтнүүд энд ч ирж олгойн хагалгаа хийгээд, тэнд ч очиж бөөр шилжүүлэн суулгаад байхгүй, амар болно. Зөвхөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээндээ төвлөрч, энэ талаарх асуудлаа шийдүүлж, мэс заслын тоогоо нэмэгдүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх орчин нөхцөл нь бүрдэх юм.
Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах төвийг найман давхар, 120 ортой, байхаар “зурсан” байна лээ. Үүний дагуу баривал мэс заслын 15 өрөөтэй, мөн дүрс оношилгооны төвтэй болно гэсэн. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ч “УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийнхөн өнгөрсөн 13 жилийн хугацаанд элэг, бөөр, ясны чөмөг, үе шилжүүлэн суулгах мэс заслыг дангаараа хийж ирсэн. Энэ төрлийн тусламж, үйлчилгээний хэрэгцээ шаардлага цаашид ч улам нэмэгдэнэ. Төвийг ашиглалтад оруулснаар уушги, зүрх, нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс заслыг эх орондоо хийх боломж бүрдэнэ” хэмээн мэдээлсэн.
Уушги, зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийнэ гэж худлаа попрох ч яах вэ. Эхний ээлжид ядаж дээрх төвийг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулахыг л иргэд хүсээд байгаа юм. Тэдэнд өнөө маргаашгүй хэрэгтэй байгаа эмчилгээг нь л хүлээгдэл, чирэгдэлгүй хийгээд өгчих, эрх баригчид аа.