Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь нисэх буудлыг олон улсын 4С зэрэглэлд шилжүүлэх ТЭЗҮ-ийг боловсруулах гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн”-гээс зарлажээ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд орон нутаг дахь долоон нисэх буудлыг олон улсынх болгож өргөтгөн шинэчлэх ажлыг Засгийн газар 2030 он хүртэл 600 гаруй тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөсний нэг нь “Мөрөн” юм. Эл нисэх буудлын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулах гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг дээрх хүрээлэнгээс өнгөрсөн оны сүүлчээр зарласан ч аж ахуйн нэгжүүд оролцоогүй, шаардлага хангах санал ирүүлээгүй гэнэ.
Иймд дахин зарлаад буй аж. “Мөрөн” нисэх буудлыг олон улсын 4С зэрэглэлтэй болгох ажлыг нийт 24 тэрбум төгрөгөөр хийхээр төлөвлөжээ. Харин ТЭЗҮ, зураг төсөл боловсруулахад 600 сая төгрөг зарцуулах гэнэ. Үүний зэрэгцээ БНСУ-аас Хөвсгөл рүү чартер нислэг тогтмол үйлдэх, жуулчин хүлээж авах бэлтгэл хангах чиглэлээр хувийн хэвшилтэй яриа хэлэлцээ хийж байгааг нисэх буудлын удирдлага онцолжээ.
Ж.Сувд