Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан Сэлбэ, Дунд гол дагуу үерийн хамгаалалтын далан байгуулна хэмээн байгалийн экосистемд халдсан, хотын өнгө үзэмжийг гутаасан ажил хийж буй талаар бид сар хүрэхгүй хугацааны өмнө сурвалжлан хүргэж байв. Тэгвэл үүнээс хойших 20 гаруй хоногт Сэлбэ голын ойр орчим хэрхэн өөрчлөгдсөнийг энэ удаа харуулахыг зорилоо. Хотын дундуур урсдаг гол дагуу нийт 1.5 км урт, 4.1-6.1 метр өндөр үерийн хамгаалалтын даланг 20 тэрбум төгрөгөөр барихаар төлөвлөснөө албаны хүмүүс мэдээлсэн. Харин дараа нь гол дагуух хэсгүүдийг тохижуулж, иргэдэд зориулсан амралт, зугаалгын бүс бий болгоно гэж ам гарсан. Яг одоогоор бол Сэлбэ голын далан барьж буй хэсгийн ойр орчим дэлбэрэлтэд өртчихсөн гэмээр ундуй сундуй, эмх замбараагүй байна. Хүмүүс тайван алхах нь байтугай уужуу амьсгалах ч арга тэнд алга. Үерээс хамгаалах байгууламж барих нэрээр энд тэндгүй шороон овоолго, нүх, карьер бий болгоод, машин бүү хэл, хүн зөрөх нөхцөлгүй болтол зам, гудамжийг нь хааж хашчихаж. Үүнээс болоод тэндхийн оршин суугчид, үйлчилгээний байгууллагынхан “эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөл бүрмөсөн үгүй боллоо” хэмээн гомдоллож, стресстэж байна.