Засгийн газрын ээлжит хуралдаанаар Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа. Журмыг өөрчилснөөр дотоодын сургалтын байгууллагуудын чадавхыг дэмжиж, өндөр мэдлэг, боловсролтой залуусыг гадаадад сурч төгсөөд эх орондоо ажиллаж, амьдрах боломжийг бүрдүүлнэ гэж тооцоолжээ. Тухайлбал, дэлхийн шилдэг их сургуулиудад бакалаврын түвшинд гадаадад суралцах оюутнуудад Боловсролын зээлийн сангаас олгодог зээлийн үйлчилгээг ирэх оноос “2+2 хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж, магистр, докторын түвшинд гадаадад суралцуулах зээл олгохоор зохицуулжээ. Өөрөөр хэлбэл, дотоодын их, дээд сургуульдаа хоёр жил суралцаад, дараагийн хоёр жил нь гадаадын шилдэг сургуульд суралцах тохиолдолд олгох гэнэ. Ингэснээр дотоодын дээд боловсролоо дэмжих, орон нутгаас суралцаж буй оюутнуудад тэгш боломж олгох нь.
Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Дээд боловсролын байгууллагын суралцагчдад тэт¬гэлэг, зээл, буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлэх буюу энгийнээр хэлэхэд Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчиллээ. Гадаадад суралцаж байгаа хүмүүс зээлээ 20 хүртэл жилийн хугацаандэргэн төлөх, гадаадад гурав хүртэл жил ажиллаад эх орондоо буцаж ирэх боломжтой байхаар уян хатан зохицуулсан. Сонгон шалгаруулалтад тэнцсэн л бол нэг айлаас хэдэн ч хүүхэд суралцах боломжтой болсон” гэв. Мөн дэлхийн шилдэг их сургуулиас урилга авч чадсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэтгэлгээр суралцуулахаар журамд тусгажээ. Дотоодын их, дээд сургуульд энэ оны хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 436 оюутан суралцаж буй аж. Харин Малчны тухай хуульд зааснаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдийг мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжлээр төрийн өмчийн дээд сургуульд суралцахад ирэх есдүгээр сарын 1-нээс Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг олгох юм. Ташрамд дуулгахад, өнөөдрийн байдлаар Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авсан 14 000 хүн байгаагаас 1200 нь гадаадад суралцжээ. Улсаас нийт 300 орчим тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээс 204 тэрбум нь гадаадад суралцагчдынх гэнэ.
Ч.Болор