Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн зарим чухал тоног төхөөрөмж эвдэрсний улмаас иргэд хувийн эмнэлэгт өндөр үнээр дүрс оношилгоо хийлгэхээс өөр аргагүйд хүрсэн. Энэ талаар тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Манай эмнэлэгт ганц байдаг суурин рентген аппарат эвдэрсэн. Зөөврийн рентгенээр үйлчилгээ үзүүлж байгаа. Суурин аппаратыг засаж дуусаагүй. Зас вар хийж буй компанийнхан шаардлагатай эд ангийг нь захиалсан, удаж ирнэ” гэсэн. Ганцхан аппаратаар тусламж, үйлчилгээ үзүүлэхэд амаргүй.
Эвдэрчихвэл энэ төрлийн тусламж, үйлчилгээ зогсоход хүрч байна. Засгийн газраас манай эмнэлгийн тоног төхөөрөмжийн төсөвт энэ онд 6.8 тэрбум төгрөг суулгасан. Бид рентген аппарат авах юм. Мөн маммографийн шинжилгээний төхөөрөмж эвдэрсэн. Өчигдөр (уржигдар)-өөс засаж эхэллээ.
Дээрх төсвөөс мөн маммографийн аппарат авахаар захиалчихсан. Эл аппарат нь хөхний хорт хавдар болон бусад эмгэгийн өөрчлөлтийг илрүүлэхээс гадна биопси шинжилгээг давхар авдаг, орчин үеийн, хиймэл оюунд суурилсан. Компьютерт томографи (СТ) бол эвдрээгүй. Рентген хоолой дуусах дөхөж байхад нь урьдчилаад захиалсан тул энэ сарын 21-нээс хэвийн ажиллууллаа.
Улсын томоохон эмнэлгүүд бүгд л тоног төхөөрөмжийн дутагдалтай. Ядаж 23 байвал ээлжлээд ажиллуулна шүү дээ” гэв. Мөн тэрбээр ХСҮТийн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг жил бүр танаж байгааг хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд гэрээлсэн дүнг 10 хувиар бууруулсан бол энэ онд 20 хүртэл хувиар багасгажээ. Жишээлбэл, 10 төгрөгөөр үзүүл дэг тусламжийг зургаа болгож бууруулж буйг тус эмнэлгийнхэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Энэ байдлаараа үргэлжилбэл ирэх намраас байдал хэцүүдэхийг Н.Эрдэнэхүү захирал тодотгов.