Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуу¬лан өчигдөр мэдээлэл хийхдээ хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчдээс нэг зүйлийг онцгойлон хүслээ. Хуурайшилт, түймрийн эрсдэл өндөр энэ үед сэрэмжлүүлэг түгээж тус болохыг, иргэдийн хариуцлагыг дээшлүүлэхэд дэм үзүүлэхийг тэд хичээнгүйлэн гуйв. Харин хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид төдийгүй иргэд, олон нийт тэднээс нэг л зүйлийг эргүүлээд хүсэж байна.
Гамшиг, осол, гал, усны аюулд бүрэн бэлтгэлтэй, эрсдэлийн менежмент, төлөвлөгөөтэй байж иргэдийг хөлдөө чирэлгүй, алба хаагчдыг зүдрээлгүй, олон нийтийг бухимдуулалгүй шуурхай арга хэмжээ авч байхыг л монголчууд тэднээс хүсэх боллоо. Хэвлэлүүд гамшиг, ослын сэрэмжлүүлэг, мэдээллийг тэртэй, тэргүй хангалттай түгээдэг. Харин онцгойгийнхон өөрсдөөсөө шалтгаалах зүйлсэд энэ хэмжээнд анхаарч, алдаа дутагдлаасаа сургамж авч, гамшиг, ослын бэлэн байдлаа хангаж ирсэн үү гэвэл дэндүү чамлалттай.
Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй дарга нар энүүхэнд “хаяанд” болсон бүсийн зөвлөлийн хуралд оролцох нэрээр Улаанбаатар, Булган аймаг хооронд ОБЕГ, ХХЕГ-ын нисдэг тэрэг хөлөглөн хөдөөд “зугаалж” ахуйд нийслэл, орон нутагт уржигдар нэгэн зэрэг түймэр гарч, онцгойгийнхныг бажгадуулав. Энэ үеэр онцгой байдлын алба хаагчдын өнөөх л тарчиг, зүдрүү байдал олон нийтийн анхааралд өртөж, техник хэрэгслийн хангамж, хүн хүчний асуудал сөхөгдлөө. Мото болон спорт машин сонирхогчдын клубийнхэн, ууланд алхагч залуус гал сөнөөгчдөд хүч нэмэх зорилгоор уржигдар орой Богдхан ууланд цуглаж, дэлгүүрийн лангуунаас ус дөхүүллээ. Гэтэл дарга нэртэй зарим хүн “Богдхан уулын тагтад хоёр машин байршуулж, нийслэлийн аврах ангийн болон УСУГ-ын техникээр ус зөөж нийлүүлсэн.
Харин залуус ус хүргэсэн нь сайн дурын ажил байсан” хэмээгээд түйм¬рийн голомтод иргэд дур мэдэн, хамаагүй зорчих, мэргэжлийн хүмүүсийн заавар, зөвлөгөөгүй ажиллах нь дэндүү эрсдэлтэй гэх утга агуулгатай, сайн санаат залуусыг буруутгах хандлагатай зүйл ярив. Түүнчлэн “Дарга нар нисдэг тэргээр хуралд явсан, эсэхийг мэдэхгүй, эргэж тодруулъя. Өнөөдрийн байд-лаар онцгой байдлын байгууллагад түймрийн үед гол, нуур, цөөрмөөс ус зөөх зориулалттай нисдэг тэрэг, онгоц нэг ч байхгүй. Байгаа нисдэг тэргүүд нь эрэн хайх, аврах ажиллагаа, түргэний зориулалтаар, эсвэл алба хаагчдыг гамшиг, ослын голомтод тээвэрлэн хүргэх зориулалттай. Гал сөнөөгчдийг Богдхан уул руу нисдэг тэргээр хүргэх гэсэн боловч салхи ихтэй байсан учир нислэгийн аюулгүй байдалд нөлөөлнө гэж үзсэн” хэмээн өөрсдийнхөө болон сайд, дарга нарынхаа арьсыг хамгаалав. Тэд үнэхээр нисдэг тэрэг ашиглахаар төлөвлөсөн үү, тийм боломж бололцоо байсан уу гэдгийг хэн ч мэдэхгүй, хэлэх аргагүй нь хоржоонтой юм даа. Сайд, дарга нарыг зөөх болохоороо цаг агаар, нислэгийн дүрэм журам харгалздаггүй хэрнээ гамшиг, ослын үед түмэн бэрхшээл тоочоод “хөдөлж өгдөггүй” нь дургүйд хүчгүй гэгч л бололтой.
Ямартай ч онцгой байдлын байгууллагынхан түймрийн үеэр хэрхэн тэвдсэнийг, техник хэрэгслийн хүчээр галын аюулыг хязгаарлаж чадалгүй хугацаа алдсаныг газар дээр нь очсон хүмүүс хөн¬дөж байв. Хурандаа Ц.Нямбаярын “Онцгой байдлын байгууллагын техникийн хангамж бидний шаардсан хэмжээнд 100 хувь хангагдаагүй. Гэхдээ хангах ажлыг үе шаттай хийж байгаа” гэдэг хариултаас энэ салбарын нөхцөл өдгөө ямар байгаа, сайд, дарга нар нь ажлаа хэр хийдэг вэ гэдгийг баримжаалж болох юм. Байгаль, цаг уурын нөлөө, хүний буруутай үйл ажиллагааны улмаас түймрийн эрсдэл жилээс жилд нэмэгдсээр буй. Харин онцгой байдлын салбарынхан хэдий болтол ийм тарчиг хангамж, хоцрогдсон арга барилаар гамшиг, ослын аюулыг сөрөх юм бол доо. Түймрийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэе. 14.00 цаг. Онцгой байдлын байгууллагаас мэ¬дээлснээр энэ сарын 28-нд Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь аймгийн таван сум, нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 хорооны нутаг, Богдхан уулын дархан цаазат газарт ой, хээрийн түймэр гарчээ. Өчигдрийн энэ үед Хэнтий, Дорноговь аймаг болон нийслэлд гарсан түймрийг бүрэн унтраасан, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумынхныг хэсэгчлэн цурамд оруулж, хяналтад авсан, Зүүнбүрэн, Хушаатынхыг унтраахаар ажиллаж байсан юм. Зүүнбүрэн, Хушаатыг хамарсан түймрийн голомтод ОБЕГ-ын Үндэсний аврах бригад болон орон нутгийн онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн алба хаагчид, сайн дурын бүлгийн 270 гаруй хүн 30 автомашинтайгаар ажиллаж байв. Цагаан нуурт гарсан түймэрт урьдчилсан байдлаар хоёр гэр, 10 өвөлжөө, нэг трактор өртжээ. Харин Богд ууланд дэгдсэн түймрийн шалтгааныг тогтоохоор холбогдох байгууллагынхан газар дээр нь ажиллаж байгааг мэдээлэв.
Н.Мишээл
й