Улаанбаатар хотод өчигдөр 10.00 цагийн байдлын нийтийн тээврийн үйлчилгээнд 1142 автобус гарчээ. Өнгөрсөн оны байдлаар Нийтийн тээврийн бодлогын газрын бүртгэлийн санд нийт 1217 автобус бүртгэгдсэн байна. Үүнээс цахилгаан хөдөлгүүртэй 90, дизель хөдөлгүүртэй нь 962 аж. Харин хий буюу гаазан хөдөлгүүртэй автобусуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахгүй байгаа тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Шалтгааныг нь Нийтийн тээврийн бодлогын газрынхаас тодруулахад “Одоогийн байдлаар нийслэлд гаазан хөдөлгүүртэй 36 автобус бий. Гэвч шингэрүүлсэн нийлүүлэлт тасарсны улмаас зарим компани автобуснуудаа үйлчилгээнд гаргаж чадахгүй байгаа” гэв. Нийслэлчүүдэд гаазан хөдөлгүүртэй автобусаар үйлчилдэг “Автотерминал трейд” ХХКийн ашиглалтын инженертэй холбогдож, нөхцөл байдлыг лавлахад “Манайх гаазан хөдөлгүүртэй найман автобустай. Байгальд ээлтэй, эко автобусаар иргэддээ үйлчлэхийн тулд БНСУ-аас оруулж ирсэн. Харин гааз тасалдсаны улмаас үйл ажиллагаа доголдоод 10 гаруй хонолоо. “UB Metan” компаниар автобусуудаа цэнэглүүлдэг юм. Тус компаниас бидэнд тодорхой хариулт, тайлбар өгөөгүй учраас хэзээ хийн түлштэй болохоо хэлж мэдэхгүй байна. Дээрх гаазан автобусаар 69:Б буюу Англи сургуулиас Гэмтэл согог судлалын үндэсний төв, Ч:7 буюу Нисэхээс-МУБИС гэсэн чиглэлд үйлчилдэг. Нэг эргэлт ч явж хүрэхгүй түлштэй автобусыг үйлчилгээнд гаргавал түгжирсээр байгаад замын голд зогсчихвол яах билээ” гэв. Нийтийн тээврийн автобусуудыг байгалийн шатдаг хийгээр цэнэглэдэг “UB Metan” компанитай холбогдох гэсэн боловч хариу өгсөнгүй.