Тээврийн прокурорын газраас энэ оны эхний улиралд нийслэлийн төвийн зургаан дүүрэгт зам, тээврийн осолд хүүхэд өртөж, хохирсон хэргийг судалжээ. Дээрх хугацаанд зам,тээврийн осолд 164 хүүхэд өртсөн бөгөөд нэг хүүхэд амиа алдаж, 83 нь эрүүл мэндээрээ хохирсон байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад хохирсон хүүхдийн тоо 4.1хувиар өсжээ.Тодруулбал,ослын улмаас 48 хүүхэд хөнгөн,30 хүүхэд хүндэвтэр, таван хүүхэд хүнд гэмтсэн байна.
Тэдний 85 нь эрэгтэй,79 нь эмэгтэй аж.Осолд өртсөн хүүхдүүдийн 52.4 хувь нь 14-17 настай бол1.8 хувь нь гурав хүртэлх насных байжээ. Мөн 10 хүртэлх насны 17 хүүхэд харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцсоны улмаас хохирсон байна. Хүүхдүүдэд учирсан 75.2 сая төгрөгийн хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлсэн гэнэ. Харин улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улиралд зам, тээврийн ослын улмаас 198 хүүхэд гэмтэж, 11 хүүхэд амиа алдсаныг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв. Хүүхэд өртсөн нийт ослын 64.6хувь нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалан гарсан байна.
Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлээгүй, аюулгүй байдлыг хангаж оролцоогүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг жолоочийн буруутай үйлдлийн улмаас осол гарчээ. Тиймээс явган зорчигчид хүндэтгэлтэй хандах,тээврийн хэрэгслийн хурдыг тохируулах,хөдөлгөөн эхлэхийн өмнө зам,орчны байдлыг сайтар шалгах, хүүхдэдээ зориулалтын хамгаалах бүс, хамгаалалтын суудлыг хэрэглэж хэвшихийг Тээврийн прокурорын газраас санууллаа.