УИХ-ын D-Parliament цахим платформд иргэн С.Түвшинбилэг Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай асуудлаар өргөдөл бичиж, энэ сарын 18-наас санал авч эхэлжээ. Тэрбээр өргөдөлдөө “Улаанбаатар хотын иргэний хувьд хотын удирдлагаа ил тод, ардчилсан байдлаар сонгодог, иргэдийн оролцоонд тулгуурласан тогтолцоог бүрдүүлэх зорилгоор дараах санал, хүсэлтийг УИХ-д хүргүүлж байна. Үүнд Үндсэн хуулийн 62-т заасны дагуу өнөөдөр нийслэлийн Засаг даргыг ИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий сайд батламжилдаг төвлөрсөн хяналт бүхий тогтолцоо хэрэгжиж байна. Энэ нь нийслэл хотын удирдлагын ардчилсан зарчим, иргэдийн санал, оролцоог тусгахгүй байгаад олон нийтийн зүгээс шүүмжилсээр ирсэн. Иймд нэгдүгээрт, Үндсэн хуулийн 58, 62 дугаар заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, хотын Засаг даргыг нийслэлийн иргэдийн шууд сонгуулиар сонгох зохицуулалтыг тусгах, хоёрдугаарт, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Сонгуулийн тухай хууль болон бусад холбогдох хуульд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах, гуравдугаарт, нийслэлийн удирдлагын тогтолцоог илүү ардчилсан, хариуцлагатай, иргэдэд ойр болгох эрх зүйн шинэчлэлийг эхлүүлэх, нутгийн өөрийн удирдлагын бодит хэрэгжилтийг хангах үүднээс миний энэхүү өргөдөл, саналд анхаарал хандуулж, хууль тогтоох шатны хэлэлцүүлэгт тусгаж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ
Цахим гарын үсгийн санал авах хугацаа ирэх сарын 25-ны 16.34 цагт дуусах юм байна. Энэхүү өргөдлийг 100 мянган хүн дэмжвэл уг асуудлыг холбогдох байнгын хороо руу шилжүүлэх юм.
Ч.Болор