Засгийн газар Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын нутаг, Хөшигийн хөндийд хот байгуулахаар шийдвэрлээд тав орчим жил болж буй ч бүтээн байгуулалт хариуцсан захиргаа, ажлын алба, хөгжлийн корпорац зэрэг нүсэр бүтэцтэй тусгай нэгж байгуулж, төсөвт дарамт учруулахаас өөр гавьтай ажил хийлгүй өдий хүрсэн. Тодруулбал, Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах шав тавьснаас хойш нэрийг нь хоёронтоо өөрчилж, удирдлагыг нь гурван удаа сольж, 70 гаруй хүнийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулсан хэрнээ ажил нь огтхон ч урагшлаагүй, газар чөлөөлөлт, инженерийн дэд бүтэц зэрэг суурь асуудлыг нь ч бүрэн шийдээгүй байгаа юм. Тэгвэл Засгийн газар “Хүннү хот”-д дахин нэг дарга томилж, улсын төсвөөс цалинжуулаад нэг сар орчмын хугацаа өнгөрч буй бололтой.
УИХ-ын гишүүн асан, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргаар ажиллаж байсан Б.Саранчимэг хариуцлагатай шинэ албанд тохоон томилогдоод ийм хугацаа үдэж буйгаа олон нийтэд зарлажээ. Соёлын дэд сайд асан М.Батбаяр “Хүннү хот”-ын захирагчаар ажиллаж байгаа бол Б.Саранчимэг “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс”-ийн захирагчаар томилогдон, үүрэгт ажилдаа орсон гэнэ. Ийнхүү Хүннү манай улсад цаасан дээр байгуулсан хотуудаас хамгийн олон даргатай, хамгийн нүсэр бүтэцтэй нь болж байна.
Энэ мэдээлэл цахимд түгэхтэй зэрэгцэн олон нийт “Хүннү хот”-ын эрэлд гарав. Хаана, хэзээдээ хот байгуулчхаад нэрийг нь хэдэндээ өөрчилж, дарга, захирагч томилох болов хэмээн иргэд гайхшаа барах. Үүнээс өөр хийх ажил, санаа тавих асуудал төр засагт алга уу гэж ам асууж байна. Харин чөлөөт бүсийн захирагч Б.Саранчимэг “Хөшигийн хөндийн чөлөөт бүсийг санхүү, хөрөнгө оруулалт, мэдээллийн технологи, тэр дундаа инновац, хиймэл оюуны хөгжүүлэлт, худалдаа, үйлдвэрлэл, тээвэр ложистикийн төв болгох зорилготойгоор Засгийн газар, салбарын яамд, нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна” хэмээн бардамнав.
Н.Мишээл