Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шарын гол” компани өр төлбөрөө хувьцаагаар солихоор төлөвлөжээ. Ингэхдээ нэмэлт хувьцаа гаргах юм байна. Уг асуудлыг ирэх сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа хэлэлцүүлэхээр тогтоод буй гэнэ. Дээрх хурлаас тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан уг шийдвэрийг дэмжвэл дараагийн алхмаа хийнэ. Энэ компани өмнө нь өр төлбөрөө хувьцаагаар сольж байсан туршлагатай. Тодруулбал, “Шарын гол” компани 2011 онд таван тэрбум төгрөгийн өрийг хувьцаагаар сольж байжээ.
Тус компанийн өнгөрсөн оны санхүүгийн тайлангаас харахад 50.1 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаа юм. Үүний 31.3 тэрбум нь богино, 18.8 тэрбум төгрөг нь урт хугацаат өр төлбөр аж. “Шарын гол”-ынхон өнгөрсөн онд 1.07 сая тонн нүүрс борлуулж, 48.8 тэрбум төгрөгийн орлого олжээ. Гэсэн ч 1.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна.
Тэднийх 10.17 сая ширхэг хувьцаатай. Одоогоор нэгж хувьцааных нь ханш 1800 төгрөгт хүрээд буй бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 18.3 тэрбум төгрөг болов. Тус компанийн хувьцааны ханш 2011 онд 27 400 төгрөг хүрсэн нь дээд амжилт байлаа. Түүнээс хойш хувьцааных нь ханш тасралтгүй “уруудаж” буй. “Шарын гол” компанийн хувьцааны дийлэнхийг АНУ-ын “Файрбөөрд менежмент” хөрөнгө оруулалтын сан эзэмшиж байсан. Тэгвэл өнгөрсөн жилээс үндэсний хөрөнгө оруулагчид эзэмшдэг болжээ.