Үндэсний статистикийн хороо энэ оны I улирлын нийгэм, эдийн засгийн онцлох үзүүлэлтүүдийг тооцон гаргаснаа эхнээс нь танилцуулсаар байна. Өнөө жилийн эхний гурван сард манай улсын гадаад худалдааны тэнцэл 465.1 сая ам.долларын ашигтай гарчээ. Тодруулбал, энэ хугацаанд Монголоос гадаадын орнууд руу экспортолсон бараа, бүтээгдэхүүнээс төвлөрүүлсэн орлого манайх руу импортолсноос ийм хэмжээгээр давсан гэсэн үг. Хэдийгээр гадаад худалдаа ашигтай гарсан ч нийт бараа эргэлт болон экспортын хувь хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс эрс буурчээ.
Бараа эргэлтийн хэмжээ 504.1, экспорт 637.5 сая ам.доллароор багассанаар гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн жилийнхээс 62.4 хувиар буурсан байна. 2024 оны I улиралд манай улсын гадаад худалдааны ашиг 1.2 тэрбум ам.долларт хүрч байж. Харин өнөө жилийнх хагас тэрбумд ч хүрсэнгүй. Нийт бараа эргэлт, ашиг ийнхүү буурсан нь олон улсын зах зээлд гол тоглогчийн байр суурьтай томоохон гүрнүүдийн худалдааны салбар дахь зөрчил, уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, ханшийн уналт зэрэг дотоод, гадаад хүчин зүйлээс шалтгаалж буйг мэргэжлийн хүмүүс хэлж байна.
Н.Мишээл