Сонгинохайрхан дүүргийн “Хөгжил” сургуулийн 8в ангийн сурагч, “Tanan wildcats basketball“ клуб, “Хөгжил 80” багийн тамирчин Х.Содбилэг сургуулийнхаа шигшээ багт тоглодог байхдаа тус клубт тамирчнаар дуудагдаж, дасгалжуулагч Н.Түвшинтөгсийн удирдлагад бэлтгэл хийсэн цагаасаа дотоодын томоохон тэмцээнүүдэд оролцож, медаль хүртэх болжээ. Түүний хүсэл тэмүүллийг гэрийнхэн нь дэмжсэнээр тууштай хичээллэж буй. Тэрбээр багийнхантайгаа өнгөрсөн хоёрдугаар сард болсон өсвөр үеийнхний сагсан бөмбөгийн дүүргийнАШТ-д оролцож, д унд насныхныангилалд түрүүлсэн юм. Тус клубийнхэн “Aldar cup” тэмцээнд өрсөлдсөн багуудаас шигшээ наймд шалгарч, хүүхдийн лигт гурван удаа хожигдож, долоон удаа ялжээ.
-Монголын хүүхэд, залуусын хамгийн дуртай спорт бол сагсан бөмбөг. Хэзээнээс эхэлж хичээллэв?
-Би VI ангиасаа эхэлж тоглосон. Багадаа аавыгаа сагсан бөмбөгийн тэмцээнд оролцож, медаль хүртэхийг нь хараад хичээллэх сэн гэж хүсдэг байлаа. Аав намайг хичээллэсэн цагаас дэмжсэн болохоор “Миний хүү бэртэж гэмтэв. Болгоомжтой тоглоорой” гэж зөвлөдөг юм. Бэлтгэл хийхээр анх ирэхдээ багийнхныгаа хараад өөрийгөө их голсон. Тэр үеийг бодвол одоо хамт олонтойгоо дасаж, ойр дотно нөхөрлөдөг.
-Багийн спортод хөл тавиад өөрийгөө хэр хөгжүүлж байна вэ?
-Би айлын ууган хүү, нэг эмэгтэй дүүтэй. Сагсан бөмбөгт хөл тавихаасаа өмнө их хөдөлгөөнтэй, үеийнхээ хөв¬гүүдтэй гар зөрүүлдэг, хааяа дэггүйтэж ангийнхаа багшид зэмлүүлдэг хүүхэд байв. Тамирчин болсон өдрөөс багийн спортын соёл, сахилга бат, эерэг хандлагаас суралцсан. Спорт хүнийг зөв төлөвшүүлдэг болохыг хамт олноосоо ойлгосон. Сахилгагүй хүүхдүүдтэй нийлж, дүрсгүйтэж явснаа бодохоор одоо ичдэг юм. Зөв хүмүүжилтэй нөхдөөр хүрээллүүлэхэд хүн өөр болдог юм билээ.
-Тамирчин хүн бэлтгэлээ сайн базаахад ямар ч тэмцээнд амжилт гаргадаг шүү дээ.
–Багаараа бэлтгэлээ чанартай хийхийг зорьдог. Сүүлийн үед бид тоглолтын шинэ хувилбарууд боловсруулж байгаа. Үүнийгээ дараагийн тэмцээнд хэрэгжүүлнэ. Жилд нэг удаа зохион байгуулдаг томоохон тэмцээнд эсрэг багийнханд онооны зөрүүгүй хожигдохоор өөрийн эрхгүй шар хөдөлнө. Даагаа нэхнэ гэхээс дараагийн тэмцээн хол санагддаг. Өсвөр үеийнхний УАШТ, лигийн тоглолт, дүүргийн, хотын АШТээс илүү ширүүн өрсөлдөөнтэй болдог. Тэр өрсөлдөөнөөс өөрийнхөө дутуу зүйлийг олж хараад, ур чадвараа ахиулахыг хичээдэг юм. Сүүлийн үед орон нутгийн баг хотынхноос дутахааргүй сайн тоглож байна. Аймгуудын баг бүр шилдэг довтлогч, хамгаалагч, холбогчтойг өсвөр үеийнхний лигийн АШТ-ий үеэр харсан. Тэр дундаа холбогч нь илүү үүрэг хариуцлага өндөртэй тоглодог юм билээ.
-Спортоор хичээллэхэд тэвчээр, хатуужил шаардах нь амаргүй санагддаг уу?
-Би багийнхаа нөхдөөс эрч хүч авах дуртай. Бэлтгэл хийхийг хүндээр хүлээж авах бус, өөрийгөө хөгжүүлэх, амжилт гаргах боломж гэж хардаг. Бидэнд бэлтгэл хийх цаг хугацаа үнэ цэнтэй. Нэг цаг тасалбал бүтэн сар сурах зүйлээсээ хоцорно гэсэн үг. Хэн нэгэн надаас “Чиний хамгийн дуртай зүйл юу вэ” гэж асуувал “Сагсан бөмбөг миний хобби болсон” гэж хариулна. Сагсан бөмбөгийн тоглолтыг ямар ч насны хүмүүс дурлаж үздэг. Тиймээс тамирчид нь салбарт бүрд найз нөхөдтэй байдаг.
-Багшийнхаа шүүмжилж хэлсэн үгэнд эмзэглэдэг үү?
-Үгүй. Багшийг тамирчдаа хурцлах зорилгоор хэлдэг гэж боддог. Дасгалжуу¬лагч бүр багаа удирдах өөрийн гэсэн арга барилтай. Нэгийнх нь шарыг хөдөлгөж, нөгөөд нь урам өгч, бүгдэд нь зөвлөж байж урагшлуудаг байх. Багш биднийг ёс зүйтэй, боловсролтой, хүмүүстэй зөв харилцаж, тэмцээний үед сэтгэл хөдлөлөө дарж сурахыг зөвлөдөг.
-Долоо дугаар танд амжилт авчирдаг уу. Ийм дугаартай тоглогч ховор байдаг даа.
-Энэ дугаарыг сонгохдоо “Багт маань аз, амжилт авчрах болтугай” гэж бодож байлаа. Сагсан бөмбөгийн тамирчдын хамгийн гоё гангараа бол биеийн тамирын хувцас, нэг өнгөөр жигдэрсэн өмсгөл, пүүз. Саяхан өөртөө зориулж, пүүз худалдаж авсан. Зааланд миний ажигладаг нэг зүйл бол үеийнхээ хөвгүүдийн өмссөн пүүзийг харах дуртай. Надад “Nike” брэндийн пүүз таалагддаг. Жилд таван пүүз сольж өмсдөг. Тэмцээнд оролцох бүртээ өөр пүүз өмсдөг юм.
-Очих дуртай хамгийн сайхан газар юу вэ?
-Бэлтгэлийн заал. Гэрээс минь ялгаагүй санагддаг. Тамирчдын амьдрал тэнд л өрнөдөг. Олонх нь спортын өрсөлдөөнөөс амжилт, карьерээ олсон байдаг шүү дээ. Миний хувьд сайн тамирчин болохын тулд суралцаж байна. Тамирчны замнал амаргүй ч саад бэрхшээлийг даваад гарвал амжилт, карьер ойрхон байдаг гэж боддог.