Сангийн сайд Ч.Хүрэлбаатар твиттертээ “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг компаниудаас авахгүй боллоо. Төсвийн орлого жилд 1.3 их наяд төгрөгөөр буурахад хүрч байна” хэмээн бичжээ. Энэ нь Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосонтой холбоотой юм. Тодруулбал, дээрх хуулийн 47.1, 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт Үндсэн хуулийг зөрчсөн, эсэх тухай маргааныг хянаж, эцэслэн шийдвэрлэсэн билээ. Ингэхдээ Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн Цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзсэн. Энэ талаар цахим орчинд “Ашигт малтмал ард түмний биш, компаниудын эздийн өмч боллоо. “Эрдэнэт үйлдвэр”, “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг нүүрс, алт, зэс, цайрын баяжмал үйлдвэрлэгчид АМНАТ төлөхгүй нь. Лицензгүй, нүүрс баяжуулах компаниудыг төлбөрөөс зувчуулахад Үндсэн хуулийн цэц үйлчиллээ” гэж шуугив.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36.4-т “Цэцийн эцсийн шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж тогтоогдсон хууль Цэцийн тогтоол гармагц хүчингүй болно” гэж заасан. Тэгэхээр компаниуд АМНАТ төлдөг нь уржигдраас хүчингүй болсон гэсэн үг. Ирэх жилийн төсвийн төсөлд АМНАТ-ийн орлогоор төсөвт 1.3 их наяд төгрөг (38.1 хувь буюу 493.4 тэрбум төгрөгийг зэсийн баяжмалаас, 45.9 хувь буюу 593.6 тэрбум төгрөгийг нүүрснээс, 9.8 хувь буюу 126.2 тэрбум төгрөгийг алтнаас төвлөрүүлэхээр төсөөлсөн) төвлөрүүлэхээр тусгасан. Энэ нь төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 11 хувьтай дүйх үзүүлэлт юм.
Газрын хэвлий дэх баялаг төрийн өмч гэдэг утгаараа шавхагддаг, нөхөн сэргээгддэггүй байгалийн баялгийг ашиглахдаа уул уурхайн компаниуд АМНАТ төлдөг. Уул уурхайн салбарын өгөөжийг иргэд, эдийн засагт хүргэх хамгийн гол “суваг” нь АМНАТ гэж тодорхойлох нь ч бий. Үүнийг компанийн борлуулалтын орлогоос авдаг учраас дүн нь дээр дурдсанчлан өндөр байдаг. Гэтэл Монгол Улс ийм төлбөр авахгүй байх баян чинээлэг улс мөн бил үү? Ер нь АМНАТ авдаггүй улс гэж дэлхийд байхгүй. Тэгэхээр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулна гэх хүлээлт байна. Энэ талаар нэгэн эх сурвалж “Ойрын үед буюу ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэх болов уу. Дараа нь УИХ-аар яаралтай горимоор шийдвэрлэж, батална гэж бодож байна” хэмээн ярилаа. Угаас АМНАТ төлөхгүй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч гэж байх учиргүй билээ. Тиймээс ч төсвийн орлого тасалдана гэж тэгтэл сүржигнэх нь эртдэж мэднэ. Хэдийгээр Үндсэн хуулийн цэцийн шийдвэр тодорхойгүй байдал үүсгэж, АМНАТ авах зохицуулалтгүй болж, ойлгомжгүй нөхцөл үүссэн ч аж ахуйн нэгжүүд уг төлбөрийг үргэлжлүүлэн өгөх байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Ямартай ч уг төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр ажиллаж буй мэдээлэл байна.
Цэц ямар нэгэн ашиг сонирхолд үйлчилсэн үү, хууль тогтоогчдын алдаа байсан уу гэсэн асуулт зарим хүнд бий. Хэрэв Үндсэн хуулийн цэц зарчмын алдаатай шийдвэр гаргасан бол ирээдүйд гаргах шийдвэрүүдэд нь итгэх итгэлгүй болгох талтай. Харин УИХ алдаатай хууль баталсан бол үүнийгээ ойрын үед залруулна гэж найдъя. Байгалийн баялаг бол ард түмний өмч гэдгийг мартах учиргүй.
“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ
-Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосныг юу гэж бодож байна вэ?
ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН ЗАРЧИМД НИЙЦЭХГҮЙ
Г.БАТЦЭНГЭЛ (“Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал)
-Ашигт малтмалын тухай хуулийг 1997 онд баталснаар гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хувийн хэвшлийн болон төрийн компаниудын үйл ажиллагааны гол суурийг тавьсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “...газрын хэвлий, түүний баялаг... төрийн өмч мөн” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн энэ зарчимд нийцүүлж, төрөөс олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Төр өмчлөгчийнхөө хувьд компаниудаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу роялти авдаг. Уул уурхайн салбараас хүртэх үр өгөөж энэ зарчим дээр л суурилж ирсэн. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаар улсын төсвийн орлогын томоохон хэсэг, төсөв болон Ирээдүйн өв сангаар дамжуулан ард иргэддээ уул уурхайн өгөөжийг хүртээх эх үүсвэр буюу АМНАТ байхгүй болчих шиг боллоо. Зарим хүн “Уул уурхайн компаниуд төлбөр төлөхгүй болж байхад баярлах ёстой юм биш үү” гэсэн байр суурьтай байгаа нь харагдлаа. Харин ч эсрэгээрээ, энэ нь тогтвортой, урт хугацааны хөгжлийн зарчимд огт нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, урт хугацаандаа уул уурхайн компаниуд, төр, засаг, ард иргэд, орон нутаг, ханган нийлүүлэгчид, салбарын мэргэжилтэн, ажилчид, хөрөнгө оруулагчид гээд олон оролцогчийн харилцааг бүрэн алдагдуулах шийдвэр гарсан хэрэг. Ингэснээр уул уурхайн салбарын эсрэг олон нийтийн чиг хандлагыг өдөөх, энэ салбарын хөгжлийг бүхэлд нь зогсоох аюултай гэж үзэж байна.
ТӨСВИЙН ОРЛОГОД ТИЙМ Ч ИХ НӨЛӨӨЛНӨ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙНА
Ч.ОТГОЧУЛУУ (Эдийн засагч)
-Компаниуд давхар төлбөр төлөх эрсдэл байгаа учраас Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан гэж ойлгосон. Нүүрсний ордын ашиглалтын лицензгүй хэн нэгэн баяжуулах үйлдвэр барилаа гэж бодъё. Тэгвэл олборлогчоос роялти шингэсэн үнээр нүүрс авна. Нүүрсээ угааж, баяжуулаад зарахдаа бас роялти төлнө. Түүнийг нь тээврийн компани экспортлохдоо дахиад роялти төлнө. Ийм салаа утгатай хуулийн заалт байгаа юм. Ингэж давхар төлбөр төлнө гэдэг компаниудад хүндрэлтэй тул гомдол гаргасныг Цэцийн дунд суудлын хуралдаанаар өнгөрсөн зургадугаар сард үндэслэлтэй гэж үзсэн. Уг нь дунд суудлын хуралдаанаар хуулиа засаж залруул гэсэн зөвлөмж өгсөн юм шиг байна лээ. Харин УИХ тоогоогүй, юу ч хийгээгүй. Улмаар компаниуд давхар татвар төлж байгаа гэсэн гомдол гаргасныг Үндсэн хуулийн цэцийн их суудлын өчигдрийн (уржигдар) хуралдаанаар үндэслэлтэй гэж үзээд, дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэвээр үлдээжээ. Иймээс аж ахуйн нэгжүүд нэг хэсэгтээ роялти төлөхгүй байхаар харагдаж байна. Ашигт малтмалын тухай хуульд яаралтай өөрчлөлт оруулж, үүнийг шийдвэрлэх болов уу. Үүнд Сангийн яам, УИХ буруутай. Өөрсдөө техникийн алдаатай, салаа утгатай хууль батлуулсан, үүнийгээ хянаж нягтлаагүй. Өнгөрсөн гуравдугаар сард Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахдаа уул уурхайн салбарынхнаас саналыг нь аваагүй. Уг нь мэргэжлийн холбоодоос заавал санал авна гэж хуульд заасан байдаг. Цэцээс ийм шийдвэр гаргасан нь төсвийн орлогод тийм ч их нөлөөлнө гэж үзэхгүй байна. Угаасаа сонгуулийн төсөв шүү дээ. Тойргуудад “очих” мөнгө л багасна. Компаниудын хувьд түр зуур ч атугай хэмнэлт хийж, бэлэн мөнгөний урсгал нь сайжирна.
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ХӨГЖЛИЙГ ЗОГСООХОД ХҮРГЭХ ВИЙ
Н.ДОРЖДАРЬ (Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер)
-Аж ахуйн нэгжүүдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авахгүй болчихвол уул уурхайн төслүүд урагшлах нь юу л бол. Энэ нь эцсийн дүндээ уул уурхайн салбарын хөгжлийг зогсооход хүргэх вий гэж болгоомжилж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн хүчингүй болгосон заалтууд:
47.1. Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.
47.3.1. дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү
47.3.2. Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү
47.4. Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна зэрэг заалт байв.
Эдгээр заалт нь Үндсэн хуулийн 5.4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, 19.1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг зөрчсөн тул хүчингүй болгосон хэмээсэн юм.