Улс орнуудад энэ оны эхний хагаст 220 мянга орчим тонн зэсийн хомсдол үүссэн тухай Олон улсын зэсийн судалгааны групп мэдээллээ. Энэ хугацаанд цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэл нэг гаруй хувиар багасаж, 11.74 сая тоннд хүрсэн гэнэ. Үүнд голлох үйлдвэрлэгч болох Индонез, Чилийн олборлолт багассан нь нөлөөлсөн байна. Конго, Замби улсын үйлдвэрлэл төдийлөн өөрчлөгдөөгүй бол Перу, Австрали, Хятад, Монголынх өссөн хэмээн дурджээ.
Үүнээс гадна улс орнуудын цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ 1-6 дугаар сард мөн л нэг орчим хувиар буурч, 11.96 сая тонн болсон дүн гарчээ. Дээрх мэдээлэл цацагдсаны дараа зэсийн ханш бага зэрэг өслөө. Тухайлбал, Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх суурь металлын үнэ өчигдөр 0.3 хувиар өссөнөөр тонн нь 5794 ам.доллартой тэнцжээ. Мөн Шанхайн фьючерсийн бирж дэх ханш нь 0.2 хувиар дээшилж, тонн нь 47 120 юань (6633.44 ам.доллар)-тай дүйв.