Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ныхон өнгөрсөн сарын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтийг танилцуулахад олон нийтийн дунд хамгийн их маргаан дагуулсан нь цалингийн дундаж орлого байв. Тодруулбал, судалгааны дүнгээр аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын сарын дундаж орлого 1 161 178 төгрөг гэж гарсан. Үүнийг иргэд хүлээн зөвшөөрөхгүй “Цалингийн дундаж үзүүлэлт бодит байдалд нийцээгүй”. “Миний сарын цалин 800 000 төгрөг. Үлдсэн 361 000 төгрөгийг минь хэн авчихав” гэх зэргээр шүүмжилсэн.
Энэ талаар ҮСХ-ны дарга А.Ариунзаяагаас тодруулахад “Цалингийн дундаж тодорхойлолт бол нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 650 000 хүний мэдээлэл. Гарт олгогддог мөнгө биш. Тухайн хүний үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал, урамшуулал, ажиллаагүй цагийн нөхөн олговор, ээлжийн амралтын мөнгийг нэмж тооцдог. Тухайлбал, 1 161 178 төгрөгөөс нийгмийн даатгалд 139 341, хүн амын орлогын албан татварт 85 516-г нь суутгаж, гарт 936 321 төгрөг олгогдож байгааг иргэд ойлгох хэрэгтэй.
ҮСХ аж ахуйн нэгж, байгууллагад ажиллагсдын цалингийн дунджийг 2013 он хүртэл түүвэр судалгаанд тулгуурлаж гаргадаг байсан. Харин өдгөө НДЕГ-ын мэдээлэлд үндэслэж буй тул бодитой” гэсэн юм.