Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт ашигт малтмал олборлож байсан 11 компанийн 13 тусгай зөвшөөрлийг өнгөрсөн сард АМГТГ-аас цуцалсан. Үүнтэй холбоотойгоор МХЕГ-аас эдгээр компанийн үйл ажиллагааг зогсоож, олборлолтын талбайн хөрс, далан, усан сангийн ус гээд хэд хэдэн хэсгээс 29 дээж авч шинжилжээ. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээгээр усны дээж дэх хүнд металл, мөнгөн ус, хүнцэл, хром, цайр зэрэг бодисын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй байж. Тиймээс зарим усан санг задлан усыг урсгаж, нөхөн сэргээлтэд ашиглаж буй гэнэ. Өнөөдрийн байдлаар 10 усан сангийн даланг сэтлэн урсгаж, зургаан га ухсан нүхийг дүүргэжээ. Үүнээс гадна, нөхөн сэргээлтийг биологийн 11.5, техникийн 34.5 га талбайд хийсэн байна.
МХЕГ-аас мэдээлснээр, “Монгол газар”, “Эм Жи Эйч”, “Сэншивэе Монгол” компаниас бусад аж ахуйн нэгж нөхөн сэргээлт хийж эхэлжээ. Уг ажлыг энэ сарын 25-ны дотор хийж, тухайн орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгөх ёстой. Нөхөн сэргээлтээ стандартын дагуу хийсэн, эсэхийг орон нутгийнхан шалгах юм. Заасан хугацаанд тайлан мэдээгээ өгөөгүй, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эздэд хуулийн хариуцлага хүлээлгэх аж.
Бэлтгэсэн: Д.Тэлмэн