“Эрдэнэс Тавантолгой” компанийн бүх хувьцаа эзэмшигчийн дансыг нээх гэнэ. Ингэхдээ төрөөс мөнгө гаргах юм байна” гэсэн явган яриа хөрөнгийн зах зээлд ажилладаг мэргэжилтнүүдийн дунд хөвөрлөө. Тодруулбал, брокер, дилерүүдийн дунд ийм явган яриа “гүйж” байна. Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хөрөнгийг олон улсын зах зээлээс татах бодлогыг зангидаж, зааварчилж буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас дээрхтэй холбоотой бодитой шийдвэр гаргаагүй бололтой. Гэхдээ “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцлэх нь IPO гаргах бэлтгэл ажлын чухал хэсэг билээ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигч нэг сая гаруй иргэн үнэт цаасны дансаа нээлгээгүй байгаа. Төрөөс мөнгө гаргалаа гэхэд данс нээхэд таван тэрбум төгрөг шаардлагатай. Энэ бол төр халааснаасаа гаргачихад хотойгоод, хохироод байх хэмжээний мөнгө биш. Ийм зохицуулалт хийж болохыг үгүйсгэхгүй. Зарим брокер, дилер “Төр халааснаасаа гаргачихаад дараа нь ногдол ашиг тараахдаа суутгаад авчихна биз” гэж саналаа хэлж байна. Хувьцааны бүртгэлийг хурдан цэгцлэхийн тулд ийм арга хэмжээ авах нь зүйтэй болов уу.
Эл компанийн хувьцааг Монголын хөрөнгийн биржид шинэ он гарахаас өмнө бүртгэхийг эх сурвалж дуулгалаа. Иргэдийн үнэт цаасны дансыг нээгээд, хөрөнгийн биржид хувьцааг нь бүртгэчихвэл олон жил анхаарал татаж, найдлага төрүүлсэн мөнөөх “1072” арилжаанд ороход алхам ойртох юм. Гэхдээ хувьцааг нь хэзээнээс арилжиж эхлэхийг зөвшөөрөх бол. Тавантолгойн үнэ цэнийг өсгөх хөрөнгө босгосны дараа арилжихыг зөвшөөрөх нь дамжиггүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Тавантолгойн хувьцааны ханшийг олон улсын хөрөнгийн биржид тогтооно” гэж ам гарсан. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой”-н охин компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжина. Өөрөөр хэлбэл, хувьцааны ханшийг нь олон улсын зах зээлд тогтооно гэсэн үг. Дараа нь Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг дотоодын биржид арилжих зөвшөөрөл олгоно. Өнөөгийн нөхцөл байдлаас ийм л тактик баримтална гэсэн таамаг харагдаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай 296 дугаар тогтоолыг долдугаар сарын 9-нд Засгийн газар баталсан. Уг тогтоолоор тус компанийн Тавантолгойн ордоос эзэмшиж буй нэг ашиглалтын тусгай зөвшөөрөл буюу Цанхийн зүүн уурхайг “охин”-д нь шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагааг хойшид хариуцах эл охин компанийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид арилжих юм.
“Эрдэнэс Тавантолгой”-нхон тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой майнинг” хэмээх охин компани байгууллаа. Энэ компанийг үүсгэн байгуулахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан голлон оролцсоныг дурдахгүй өнгөрч болохгүй. Гүйцэтгэх захирлаар нь УИХ-ын гишүүн, Үйлдвэр, худалдааны сайд, “Эрдэнэт үйлдвэр” компанийн ерөнхий захирал зэрэг өндөр албан тушаал хашиж байсан, МАН-ын хашир туршлагатай боловсон хүчин Х.Наранхүүг томилоод буй. Д.Сумъяабазар сайд “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжих ажилд түүнийг түшиг болно гэж тооцсон бололтой. Цаадах нь ажлын туршлага, улс төрийн зангаргаар том эр. Нөгөөтээгүүр, МАН-ын амбиц ихтэй залуусын ааг омог, атаа жөтөөг том зорилгодоо хавчуулахгүй байх зорилгоор барьцаад байхааргүй хүнийг томилсон байж ч мэднэ.
...Зөвлөхүүд засаглалаа хэрхэн бүрдүүлэх тал дээр үнэтэй зөвлөгөө өгөх биз. Манайхан өөрсдөө хариуцвал МАН-ын “дурны хонгио”-нуудаар дүүргэчихэж мэднэ. Мөнгө босгоход нөөц баялгаас гадна компанийн сайн засаглал, ил тод байдал, дэлхийн жишигт нийцсэн тайлагнах стандарт хөрөнгө оруулагчдад илтгэл төрүүлэх нь ойлгомжтой...
Эцэг нь буюу “Эрдэнэс Тавантолгой”-нхон шинээр төрүүлсэн охиндоо хөрөнгө тасдаж өгсөн. Өөрөөр хэлбэл, төсвийг нь хуваарилсан хэрэг. Өнгөрсөн жил 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан эцэг нь охиндоо 50 тэрбум төгрөгийн төсөв олгожээ. “Эхний ээлжид үүнийг хэрэглэж бай” гэсэн болов уу. Мөнгө дутвал дахиад нэмж өгөх биз. Эл мөнгөөр “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийнхан олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжих бэлтгэлээ хангана.
Одоогоор охин компани нь аж ахуйн нэгжийн хэлбэрээ олохоор бужигнаж буй сурагтай. Ширээ, сандал, компьютер, бичиг цаас худалдаж авахаас эхлээд ажил мундахгүй байж таарна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэлээд ажилтныг нь шилжүүлэн авах болжээ. Гэрээ зассаны дараа хувьцаагаа гаргах ажилдаа шамдах нь мэдээж. Д.Сумъяабазар сайд ирэх оны хоёрдугаар сар гэхэд IPO хийх бэлтгэл ажлыг бүрэн хангана гэж ярьсан. Тэд 2020 оны дөрөвдүгээр сард багтаан хувьцааг нь гаргах бодлого баримталж байгаа гэнэ лээ. УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө Монголын төрийн өмчийн оролцоотой анхны компани олон улсын зах зээлд хөл тавих бололтой.
“Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн хувьцааг 100 хувь эзэмших “Эрдэнэс Тавантолгой интернэшнл” компанийг оффшор бүсэд байгуулна. Тэгээд оффшор компанийн хувьцааны 30 хувийг олон улсын хөрөнгийн зах зээлд борлуулна. Ингээд “Эрдэнэс Тавантолгой интернэшнл”-ийн хувьцааны 70 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмшинэ. Үлдсэн нь олон улсын хөрөнгө оруулагчдын мэдэлд очно. “Эрдэнэс Тавантолгой” нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монгол Улсын 2.5 сая иргэн нийт хувьцааных нь 14 хувийг эзэмшдэг компани болно. “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолд хувьцааг нь олон улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхийг тусгасан. Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” хоёр биржид бүртгэлтэй уул уурхайн компани болно гэсэн үг. Ирээдүйд ийм бүтэц бий болох хар зураг гарлаа.
Х.Наранхүү захирал маш шаргуу ажиллах учиртай. Түүний мэдэлд 795 сая тонн сайн чанарын коксжих нүүрсний нөөцтэй Цанхийн зүүн уурхай бий. Хятадын “Чалко” компани уг уурхайгаас олон жилийн турш нүүрс худалдан авах гэрээ хийсэн. Өөрөөр хэлбэл, бэлэн худалдан авагчтай гэсэн үг. Мөн TTJVCo гэж олборлогч компанитай удаан хугацаанд хамтран ажиллах гэрээтэй. Бэлэн худалдан авагч, тогтвортой хамтран ажиллах олборлогч компанитай байх нь хувьцааг нь арилжихад давуу тал болох гэнэ.
“Чалко”-д өр тавьсан нь буруу байсан”, “TTJVCo-д өндөр хөлс төлж, шулуулж байна” гэсэн шүүмжлэл хэдэн жилийн өмнө газар авч байлаа. Гэтэл өдгөө хэрэлдэж, маргалдаж асан түншүүд нь давуу тал, хувьцааны үнийг өндөр тогтоох, хөрөнгө оруулагчдын итгэлийг төрүүлэх хөшүүрэг болон хувирчээ. Цагийн өнгийг дагаж, дайсан хүртэл нөхөр болдог юмсанж. Х.Наранхүү, түүний багийн тулах цэг нь энэ. Үүндээ дөрөөлөөд урагшлах учиртай.
Тендерийн тухай шинэ хуулийн дагуу сонгон шалгаруулалт зарлахгүйгээр шууд гэрээ байгуулах эрх зүйн орчин бүрдсэн. Хувьцаа гаргах зөвлөхүүдээ шууд сонгож, гэрээ байгуулна. Андеррайтер, санхүү, хуулийн зөвлөх, аудитын компани сонгон шалгаруулах нь зайлшгүй. Цаашлаад хөрөнгийн үнэлгээ хийх, сурталчилгаа хариуцах компани сонгож таарна. Цанхийн зүүн уурхайд тулгуурлан олон улсын зах зээлээс 1-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй. Тэгэхээр дэлхийн томчуудтай хамтран ажиллах нь гарцаагүй. Дотоодынхоо компаниудын ч хүчийг дайчлах биз. Зөвлөхүүдээ сонгон шалгаруулсны дараа шатрын өрөг дээрх нүүдэл нэгмөсөн эхлэх ёстой.
Д.Сумъяабазар сайд “Олон улсын зах зээлд гаргах охин компанийн засаглалыг дэлхийн түвшинд бүрдүүлнэ. Сайн засаглалын сонгодог жишээ гэж юу байдгийг харууна” гэж мэдэгдсэн. Зөвлөхүүд засаглалаа хэрхэн бүрдүүлэх тал дээр үнэтэй зөвлөгөө өгөх биз. Манайхан өөрсдөө хариуцвал МАН-ын “дурны хонгио”-нуудаар дүүргэчихэж мэднэ. Мөнгө босгоход нөөц баялгаас гадна компанийн сайн засаглал, ил тод байдал, дэлхийн жишигт нийцсэн тайлагнах стандарт хөрөнгө оруулагчдад илтгэл төрүүлэх нь ойлгомжтой.
Хөрөнгө босгохдоо болгоомжлох нэг зүйл бий. Тэр нь улстөржилт. Мөнгө босгох ажлыг улстөржүүлээд, мушгин гуйвуулаад, өөнтөглөөд эхэлбэл амжилттай хэрэгжүүлэхэд бэрх. Монголд олон төсөл улстөржилтийн хорыг даахгүй гацсан гашуун сургамж бий. “Улс орноо хөгжүүлэх нь хэзээ ч Засгийн газрын туйлын зорилго байдаггүй, дахин сонгогдох нь туйлын зорилго” гэсэн хатуу үг байдаг. Сөрөг хүчинд дахин сонгогдох хүсэл бий. Тэндээс “чулуу шидэж” магадгүй. МАН дотор ч өрсөлдөөн бий. Тэгэхээр эндээс ч ёворч мэднэ. Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Мега төсөл бол арааны шүлс асгаруулам амттай махтай амьтан. Түүнийг агнаж, идэх гэж улстөрч бүр оролддог” гэж зүйрлэн ярьсан удаатай. Хөрөнгө татах хар зураг ийн гарчээ. Өнгийн будгаар чимж зурж дуусгах, эсэх нь улстөрчдийн ашиг сонирхолд багтах хэрэг үү.