Дэлхийн уул уурхайн салбарт томоохонд тооцогдох “Rio tinto” групп өнгөрсөн онд нийт 6.6 тэрбум ам.долларыг татвар, рояалтид төлсөн нь 2017 онд дээрх дүн 5.1 тэрбум байснаас өссөн үзүүлэлт болсон тухай мэдээлэв. Энэхүү 6.6 тэрбум ам.долларын дийлэнх буюу 4.8 тэрбум нь Австралид ногджээ. Тэгвэл Канад улсад 386, Чилид 332, АНУ-д 331, Монголд 308 сая ам.долларын татвар, рояалти төлсөн дүн гарсан байна. Мөн Европт 146, Африкт 132 сая ам.доллар татвар, рояалти өгсөн аж. “Rio tinto”-гийн санхүү хариуцсан захирал “Үйл ажиллагаа явуулж буй улс орнууддаа төлсөн татвар нь бидний оруулж буй хувь нэмрийн чухал хэсэг. Мөн бид хөрөнгө оруулж, ажлын байр бий болгож, ханган нийлүүлэгчдээс бүтээгдэхүүн, үйлчилгээ авах замаар хувь нэмрээ оруулдаг билээ” хэмээн дурджээ. Тухайлбал, тус групп өнгөрсөн онд 37 000 ханган нийлүүлэгчээс бүтээгдэхүүн авсан гэнэ. Ташрамд дурдахад, улс орнуудад төлсөн татвараа 2010 оноос нэгтгэн тайлагнаж эхэлснээс хойш “Rio tinto” нийт 63 тэрбум ам.долларын татвар, рояалтиг дэлхий даяар төлсний 45.8 тэрбум нь Австралид ногдсон байна.