Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт “Эрдэнэс стийл” компанийн барихаар зорьж буй кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталжээ. Ингэснээр Монгол Улс анх удаа ийм үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж буй юм байна.
Уг цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалт 3.6 жил үргэлжилнэ гэж тооцжээ. Жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд коксын, ширэмний, ган хайлуулах, ган цувимал бүтээгдэхүүнийхээс гадна бусад туслах үйлдвэрээс бүрдэх гэнэ.
Тус цогцолбор үйлдвэрт Тавантолгой, Могойн голын уурхайн коксжих нүүрс, Баянгол, Баргилт, Чойр орчмын бүлэг ордын төмрийн хүдэр ашиглах нь. 1500 орчим ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, цувимал бүтээгдэхүүний импортын хараат байдлыг багасгах уг цогцолбор үйлдвэр жилд дунджаар 87.7 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх тооцоо гарчээ.