“Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise hill resources” компани 2018 оны санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Энэ хугацаанд “Оюутолгой” компани аюулгүй ажиллагаанд анхаарч, алтны агууламж нэмэгдэж, зэсийн ханш өссөнтэй холбоотойгоор орлого нь 25 гаруй хувиар өсөж, гүний уурхайн бүтээн байгуулалт ахисан талаар “Turquoise hill resources”-ийн гүйцэтгэх захирал Улф Күйллмэнн тодотгосон байна. Тодруулбал, “Оюутолгой”-н орлого 1.18 тэрбум ам.долларт хүрсэн нь 2017 онд дээрх дүн 939.8 сая байснаас 25.6 хувиар илүү дүн аж.
“Оюутолгой” компани 2018 онд 159 100 тонн баяжмал дахь зэс, 285 000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь өмнөх жилийнхээсээ 1.1, 150 хувиар илүү үзүүлэлт агаад урьдчилан таамагласнаас аль алиных нь хэмжээ давсан гэсэн үг. Тус компани 2019 онд 125-155 мянган тонн баяжмал дахь зэс, 180-220 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх таамаг гаргаад буй юм. Борлуулсан барааны өртөг нь 2017 онд 763.8 сая ам.доллар байсан бол өнгөрсөн жил 777.2 саяд хүрчээ. Мөн хөрөнгийн зардал нь 917.5 сая “ногоон” байсан бол 2018 онд 1.304 тэрбум болж (үүний 1.21 тэрбум ам.долларыг гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулжээ) өссөн гэнэ.