Соёлын яамнаас жил бүрийн арваннэгдүгээр сарыг “Соёлын бүтээлч сар” хэмээн онцлон соёл, урлагийн олон үйл ажиллагааг орон даяар нээлттэй зохион байгуулсаар гурав дахь жилдээ үргэлжилж байна. Аяны хүрээнд соёлын засаглал ба эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт, дижитал шилжилт ба шинэ боломж зэрэг сэдвээр зохион байгуулж байна. “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын үндэсний музейгээс “Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" нэгдсэн үзэсгэлэнг дэглэн олон нийтэд толилуулж байна. Буган чулуун хөшөө нь Монгол нутагт оршин буй хүрлийн үеийн өвөрмөц дурсгал бөгөөд Төв Азийн нүүдэлчдийн ертөнцийг үзэх үзэл, урлаг, шүтлэг бишрэл, тэдний нийгэм, аж ахуй, овог аймаг хоорондын харилцаа холбоо зэрэг олон талт ой санамжийн асар их мэдээллийг агуулсан, дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв юм.
2023 оны есдүгээр сард ЮНЕСКО-ийн дэлхийн өвийн жагсаалтад Монгол улсаас шинээр бүртгэгдсэн “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд”-ыг олон нийтэд таниулах, түгээн сурталчлахад чиглэж буй тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгийн үзмэрээс гадна Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Байгалийн түүхийн музей, Уран зургийн галерейн үзмэр цуглуулгаас дээжлэн нийт 100 гаруй биет үзмэр дэлгэгдэж байна. Түүнчлэн буган чулуун хөшөө тэдгээрт холбогдох гэрэл зургийг МҮМ-н ЭША Ч.Баяндэлгэр, Ж.Баярсайхан (Ph.D), ШУТИС-н багш С.Бат-Эрдэнэ (Ph.D) нарын бүтээлээс оролцлоо.
“Монгол нутаг дахь буган чулуун хөшөө" үзэсгэлэн нь агуулгыг хувьд, бугын дүрслэл бүхий археологийн олдворууд, буган чулуун хөшөө болон түүний хуулбар, бугын дүрслэл бүхий чимэглэлтэй хувцас хэрэглэл, бугын яс, эвэр эд зүйл зэрэг угсаатны зүйн холбогдолтой цуглуулга үзмэрүүд, буга болон буган чулуун хөшөөний дүр дүрслэлээр зохиомжилсон орчин үеийн дүрслэх урлагийн бүтээл хийгээд буга хэмээх амьтны биологийн төрөл зүйл, онцлогийг харуулсан байгаль амьтны үзүүллэг зэрэг музейн цуглуулга сан хөмрөгийн олон төрлийг нэгэн үзэсгэлэнд сэдэвчлэн багтааснаараа онцлогтой юм.
Үзэсгэлэнд буган хөшөөний дүр дүрслэл онцлог хийцийг дижитал технологи VR, AR төхөөрөмжөөр үзэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тайлбар, боловсролын хөтөлбөр, буган чулуун хөшөөг судалсан эрдэмтний олон нийтэд зориулсан лекц, сэдэвчилсэн тайлбарт аялал, гэр бүлийн хөтөлбөр зэрэг арга хэмжээг тэгш хүртээмжтэйгээр нийтэд толилуулна. Үзэсгэлэнгийн арванхоёрдугаар сарын 15 хүртэл олон нийтэд нээлттэй ажиллана.