Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house”, “Эгэл баатар” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “Green house” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
Манай улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1200 орчим МВт. Харин хэрэглээ нь жил бүр 5-7 хувиар нэмэгдсээр, өнгөрсөн өвөл гэхэд оргил ачаалал 1474 МВт буюу түүхэн дээд түвшиндээ хүрсэн. Элгээрээ хэвтсэн гэхэд хэтрүүлсэн болохгүй эрчим хүчний салбартаа сүүлийн 40 жил томоохон шинэ эх үүсвэр ганцыг ч бариагүй Монгол Улс зун бороо ороход л айл өрхүүдийн цахилгааныг гурав хоног тасалсан нь саяхан. Үүнийг үйлдвэрлэл нь эрэлтээ гүйцэхгүй, нөгөөтээгүүр байгалийн гамшигт үзэгдэл болоход ямар ч нөөц, эх үүсвэргүй байгаатай холбон тайлбарлаж буй юм. Товчхондоо, манай улсын эрчим хүчний салбар “харанхуй” байна. Гэтэл эрчим хүч бол үйлдвэрлэл, үйлчилгээний үндсэн хэрэгцээ, хөгжлийн тулгуур билээ.
Олон улсад ногоон эрчим хүчний хэрэглээг өсгөн, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, агаарын бохирдлыг багасгахыг зорьж, сэргээгдэх эх үүсвэрээс цахилгаан нийлүүлэхэд анхаарч буй. Зөвхөн нүүрс түлж эрчим хүч, дулаан үйлдвэрлэдэг, тэр хэрээрээ агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг манай орны хувьд ногоон эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь зөв гарц. Наад зах нь жилийн 300 гаруй өдөр нарлаг байдаг, нарны орон учраас тэр. Нарны нөөцийг ашиглан өөрийн хэрэглээгээ хангаж, эрчим хүчний салбарын ачааллаас багахан ч болтугай хуваалцаж буй нэгнийг бид энэ удаа таниулахыг зорьж, туршлагаас нь хуваалцахаар “ДЦС-4”-ийн гүйцэтгэх захирал асан Б.Цэвээнтэй ярилцлаа. Тэрбээр Чингэлтэй дүүргийн XIX хороонд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц барьсан бөгөөд нарны панель, цэнэг хураагуурын тусламжтайгаар 180 орчим ам метр талбай бүхий байшингаа халааж, цахилгаан үйлдвэрлэж буй юм. Өнгөрсөн долдугаар сард орсон ширүүн бороонд тэр хавийн бүх айлын цахилгаан тасарсан ч Б.Цэвээнийх ганцаараа гэрэлтэй байсан нь өрхийн эрчим хүчний хангамжаа нарны энергийг ашиглан шийдсэнтэй нь холбоотой. Тэднийх 2020 оноос хойш 12 орчим тонн нүүрс шатаахаас сэргийлж, 31 000 кВт/ц цахилгааныг төвийн бүсийн сүлжээнд нийлүүлжээ. Тэрбээр одоогийн ОХУ-д эрчим хүчний инженер мэргэжил эзэмшин 1981 онд төгссөн бөгөөд “ДЦС-4”-т монтёроос ажлын гараагаа эхлүүлж, ерөнхий инженер зэрэг албан тушаал хашиж байжээ. Эл станцын хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөх ажлыг амжилттай зохион байгуулсныг нь үнэлэн түүнд 2015 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээсэн аж.
-Манай улсын эрчим хүчний эрэлт суурилагдсан хүчин чадлаасаа үргэлж давж, эл салбар алдагдалтай ажиллаж ирлээ. Үүнийг өөрчлөхийн тулд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг өсгөх нь ач холбогдолтой талаар ярьж буй ч хангалттай үр дүнд хүрээгүй байна. Ногоон эх үүсвэрээс хэрэглээгээ хангах, ногоон эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд юунд анхаарах нь зүйтэй вэ?
-Монгол Улс эрчим хүчний тархмал эх үүсвэр буюу бага хүчин чадлын (10 кВт) нарны хосолмол цахилгаан үүсгүүрийн тусламжтайгаар эрчим хүчний дутагдлаас богино хугацаанд гарах боломжтой. Бид бол төв Азийн цээжинд оршдог, жилийн 300 гаруй өдөр нь нарлаг байдаг “нарны” эх орныхон. Багагүй хугацаанд судалгаа, тандалт хийн, хэрэглээндээ 40 кВт/ц цахилгаан хуримтлуулах литий, ионы батарей, 10 кВт хайбрид инвертор авч хэрэглэж буй туршлагадаа үндэслэн би дээрх саналыг дэвшүүлж байгаа юм. Манай улс өнгөрсөн өвөл оргил ачааллын үеэр ОХУ-аас 200 орчим МВт цахилгаан худалдан авсан. 200 МВт гэдэг нь 200 000 кВт/ц гэсэн үг. Хэрэв 10 кВт-ын хайбрид нарны системийг 20 000 айлд суурилуулбал эх үүсгүүрийн чадал 200 МВт-аар өснө. Хэр олон айлд суурилуулна төдий чинээгээр цахилгааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэсэн үг. 10 кВт-ын хүчин чадалтай, түгээх сүлжээтэй хамтарч ажилладаг, нарны хайбрид системийг урд хөршөөс одоогоор 50-60 сая төгрөгөөр худалдан авах боломжтой. Тэгвэл нүүрсээр ажилладаг 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихад нэг тэрбум ам.доллар зарцуулах тооцоог 10-аад жилийн өмнө гаргасан. Энэ нь нэг МВт хүчин чадалтай станц байгуулахад хоёр сая гаруй “ногоон” зарцуулна гэсэн үг. Эндээс нарны эрчим хүч ашиглаж эхлэх зардал, нүүрсний станц байгуулахаас кВт тутамдаа хямд байгаа нь харагдана. Мөн ашиглалтын зардал байхгүй, байгальд болон эдийн засагт үнэлж баршгүй үр өгөөжтэй учраас ногоон эрчим хүчний үүсгүүр нь хамгийн зөв сонголт юм.
-Нэг өрхөд 50-60 сая төгрөг зарцуулж нарны үүсгүүр суурилуулахад санхүүгийн хувьд хүндрэлтэй байх. Үүнийг хэрхэн шийдэх боломжтой вэ?
-Тухайн айлын амьдарч буй газрын байршил, нарны тусгалаас шалтгаалж сэргээгдэхэхүүсвэрийнзардалньхарилцанадилгүйбайна. Өдрийн цагт нарны панелийн үйлдвэрлэж буй болон нар жаргасны дараа батарейд хуримтлагдсан эрчим хүчийг алсын зайнаас, ухаалаг систем ашиглан удирдах, урсгалыг нь тохируулах зэргийг Диспетчерийн үндэсний төвд хариуцуулах хэрэгтэй.
Ингэснээр цахилгааны хэрэглээгээ сард 30-40 хувиар, төлбөрөө 400 000- 500 000 төгрөгөөр бууруулж чадсан.
Гадаад, дотоодын хөрөнгөөр барьсан нар, салхины том чадлын эх үүсвэрүүдийн цахилгааны үнийг өндөр тогтоосон хэр нь хувь хүн, айл өрхийн үйлдвэрлэж буй тархмал эх үүсвэрийн эрчим хүчний үнийг нэгдсэн түгээх сүлжээнээс авах ханштай адилхан тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, шөнийн тарифаар нэг кВт/ц эрчим хүчийг 90, өдөр нь 120 орчим төгрөгөөр худалдаж, худалдан авч байна. Хэрэв улс тархмал эх үүсвэрээс үйлдвэрлэж буй цахилгааныг арай өндөр үнээр худалдаж авбал айл болгон батарей суурилуулж, эрчим хүчээ зарах сонирхолтой болно. Мэдээж тооцоо судалгаа, суурилуулалт зэрэгт их хэмжээний хөрөнгө зарцуулах нь ойлгомжтой ч мөнгөө харамлаад, өнөө маргаашаа бодоод байвал огт хөгжихгүй. “Танайд ийм төхөөрөмж суурилуулахад тийм зардал гарах бөгөөд зээл авч болно. Сар бүр эргүүлж төлөх зээлийн төлбөрийг танай хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчийг төвийн сүлжээнд худалдан авч зохицуулъя” гэвэл татгалзах өрх гарахгүй болов уу. Ийм маягаар ажиллавал гэр хороололд амьдарч буй 200 000 гаруй өрх 8-10 жилийн дараа зээлээ төлж дуусах бүрэн боломжтой.
-10 кВт-ын чадалтай нарны үүсгүүрийг нэг бус, үүнээс олон өрхөд суурилуулснаар зардлаа бууруулж болох уу?
-Хоёр айлын дунд 10 кВт-ын хүчин чадалтай нэг үүсгүүр суурилуулж болно. ОХУ-аас авч буй эрчим хүчний хэмжээнд тохируулж тооцохын тулд 20 000 өрх, 10 кВт гэсэн гаргалгаа хийсэн юм. Ер нь 50-60 ам метр талбай бүхий байшинтай айл цагт дунджаар 1-2 кВт цахилгаан хэрэглэдэг. Тэгэхээр таван кВт/ц хүчин чадалтай нарны панель, мөн нөөцлүүр тавихад болно. Манай улсын эрчим хүчний хэрэглээ ахуйн чанартай. 18.00-21.00 цагт ачаалал ихсэн, дийлэхгүйд хүрч, ОХУ-аас импортолдог. Бусад цагт харьцангуй хэвийн байж, бид дотоодоос бүрэн хангаж болдог. Тиймээс тархмал эх үүсвэрийн тоог нэмэгдүүлбэл импортын хамаарлыг бууруулах, оргил ачааллыг зохицуулах боломж бүрдэнэ.
-Цахилгаан хэмнэх өөр нэг шийдэл нь дулааны алдагдлыг бууруулах явдал байх, тийм үү?
-Хүйтэн улс оронд дулаан өвөлжих, цахилгаан, дулааны зарцуулалтыг бууруулах нэг шийдэл бол дулааны алдагдалд анхаарал хандуулах юм. Орон сууц, байшин, гэрийг дулаалах нь хамгийн чухал. Манайх 20 жилийн өмнө палкаар барьсан байшингаа тордсоор өдгөө эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцтай болж, нарны үүсгүүрээс цахилгаан, дулаанаа бүрэн шийдэн, илүү гарсан цахилгаанаа төвийн сүлжээнд нийлүүлж буй. Үүнээс өмнө өвлийн улиралд цахилгаан халаагуур ажиллуулж сард сая орчим төгрөг төлдөг байлаа. “Дулаан шийдэл” компаниар дулаан алдагдлын хэмжээгээ тогтоолгож, дээвэр, суурь, цонхны битүүмжлэлээ сайжруулсан юм. Ингэснээр цахилгааны хэрэглээгээ сард 30-40 хувиар, төлбөрөө 400 000-500 000 төгрөгөөр бууруулж чадсан. Үүний дараа нарны панель суурилуулсан нь оносон. Хайбрид инверторын тусламжтайгаар нарны панелийн үйлдвэрлэж буй цахилгаанаа хэрэглэж, батарейгаа цэнэглэн, мөн төвийн сүлжээнд нийлүүлэх байдлаар зохицуулдаг. Хоёр тоолууртай. Одоогоор төвийн сүлжээнд нийлүүлсэн болон хэрэглэсэн цахилгааны хэмжээ тэнцэн, бид төлбөр төлөхгүй байгаа. Хамгийн гол нь эрчим хүчний хэрэглээг бууруулахад бага боловч хувь нэмэр оруулж буй нь чухал юм.
-Та эрчим хүчний салбарт олон жил ажилласан туршлагатай инженерүүдийн нэг. Эл салбарт хамгийн түрүүнд шийдвэрлэвэл зохих асуудлыг юу гэж харж байна вэ?
-Эрчим хүч, дулааны үнийг чөлөөлөх зайлшгүй шаардлага бий. Үйлдвэрлэж буй зардлаас хамаагүй хямд үнээр бүтээгдэхүүнээ борлуулж ирсэн нь манай системийн гол алдаа. Улс төрийн нөлөө, сонгуулийн амлалт зэргээс болж л ийм байдалд хүрсэн байх. Өдгөө айл өрхүүдэд цагийн хэрэглээнээс хамаарч өөр өөр тарифаар цахилгаан борлуулдаг, дунджаар нэг кВт/ц-ийг нь 120 орчим төгрөгөөр нийлүүлж буй. Үүнийг өсгөх шаардлагатай. Мөн Долоон буудлаас хойшоо чиглэлд барьсан том хэмжээтэй амины орон сууц олон бий. Тэдгээр айлын дийлэнх нь цахилгааныг дэмий үрж, өвөл, зунгүй асаагуур асаадаг. Цахилгааны төлбөрөө төлөх чадвартай ч хямд эрчим хүчийг үргүй ашиглаад байгаа юм. Тиймээс айлуудын орлого, нөхцөл байдалд тохируулж цахилгааных нь үнийг нэмэх, эсвэл ногоон эх үүсвэрээс хэрэглээгээ хангахыг шаардах хэрэгтэй. Төлбөрийн чадвартай айлууд төдийлөн татгалзахгүй болов уу. Түүнчлэн “ДЦС-5” зэрэг эх үүсвэрийг шуурхай ашиглалтад оруулаасай. “ДЦС-3”, “ДЦС-4”-ийг хэчнээн тордоод ч баруун бүсийг л хангахаас нийслэлийн зүүн хэсгийн хэрэглэгчдэд өндөр хэмтэй халуун ус, тогтмол хэлбэлзлийн цахилгаанаар үйлчлэхэд хэцүү болсон. Зүүн талд шинэ станц ашиглалтад оруулж байж эл асуудлыг шийдвэрлэнэ. Мэдээж дээр дурдсанчлан тархмал, ногоон эх үүсвэрээс цахилгаан үйлдвэрлэхэд онцгойлон анхаарч, урт хугацааны бодлого боловсруулах шаардлагатай.