Британийн Ноттингемийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны сургуулийн дэд профессор Фернандо Касаль Бертоатай ярилцлаа. Тэрбээр мөн Улс төрийн нам, ардчилал судлалын судалгааны төв (REPRESENT)-ийн захирлаар ажиллаж буй. Фернандо Касаль Бертоа нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба (OSCE/ODIHR)-ны Улс төрийн намын үндсэн шинжээчдийн бүлэг болон Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA), ардчиллын төлөөх “Вестминстер” сангийн гишүүн, хамтран зүтгэгч, Венецийн комисс, НҮБ-ын шинжээч юм.
-Монгол Улс сүүлийн жилүүдэд ардчиллын олон индекс, үзүүлэлтээр байр ухарч, муудлаа. Шалтгааныг нь та юу гэж хэлэх вэ?
-Энэ бол санаа зовоож буй асуудал. Хэдхэн жилийн өмнө Монголыг “Төв Ази дахь ардчиллын баянбүрд” хэмээн тодорхойлж байлаа. Тоталитар дэглэмтэй Орос, Хятад гэсэн хоёр улсын дунд ардчиллыг хөгжүүлж буйгаараа үлгэр жишээ болж байсан орон одоо ардчилал, авлига, хэвлэлийн эрх чөлөө гээд олон үзүүлэлтээр байр ухарч, бүр муу жишээ болон нэрлэгдэж байна. Үүнд Монголын улс төрийн намууд хариуцлага хүлээх ёстой.
Парламентын сүүлийн хоёр удаагийн сонгуулиас харахад л нэг нам бараг дангаараа ялалт байгуулсан байна. Нэг нам дараалан ялахыг үгүйсгээгүй ч улс төрийн нэг хүчин найман жилийн турш төр барьчихлаа шүү дээ. Өнөөгийн эрх баригчид ирэх жил болох сонгуулиар дахин ялалт байгуулж, үргэлжлүүлэн олонхыг бүрдүүлж ч мэднэ. Үүнийг би “улс төрийн эрх мэдлийг колоничилж буй үйл явц” гэж хэлнэ. Монгол Улс олон намын тогтолцоотой гэдэг ч бодит байдал дээр хэтэрхий цөөн нам байна. Энэ байдлыг намууд л өөрчилнө.
УИХ НЬ ЯДАЖ 10 НАМЫН ТӨЛӨӨЛЛӨӨС БҮРДВЭЛ ОЛОН НАМЫН ТОГТОЛЦООТОЙ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО
-Манай улсад албан ёсны бүртгэлтэй 36 нам бий. Гурван сая хүн амтай улсад ийм олон нам байх шаардлагагүй гэж хэлэх нь ч бий. Таны хувьд тэднийг“ цаасан дээрх нам” гэж хэлээд байх шиг.
-36 намтай ч улс төрийн хүрээнд үндсэндээ гурав нь л үйл ажиллагаа явуулдаг. Гэвч тэр гурван намыг ахиулаад сайн ажиглавал угтаа ганц л хүчин бий. Монгол Улсын төрийн дээд бүх албан тушаалыг нэг намын хүмүүс л хашиж байгаа биз дээ. Иргэд, сонгогчдын хувьд намууд нь ч сонголттой байх ёстой. Түрүүнд хэлсэнчлэн сонгуулийн тогтолцоо нь үүнд нөлөөтэй. Уг нь УИХ нь ядаж 10 намын төлөөллөөс бүрдвэл олон намын тогтолцоотой гэж хэлж болох юм.
-Та манай улс төрийн намын эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр нэлээд олон жил ажиллаж буй. Одоогийн Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд баталсан. Өнөөдрийг хүртэл энэ хуулийг шинэчилнэ, сайжруулна гэж бараг парламент болгоны үед ярьж, ажлын хэсэг байгуулан, нэлээд хэдэн удаа төсөл боловсруулсан байдаг. Өнгөрсөн баасан гарагт гэхэд л Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улстөрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа. Гэвч энэ хуулийг баталснаар улам бүр муудсаар буй намуудын хууль, эрх зүйн орчныг сайжруулна гэх баталгаа үгүй. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Улс төрийн намын тухай хуулиа яагаад шинэчлэхгүй байгаа шалтгааныг Монголын улс төрчид хэлэх байх. Харин Ерөнхийлөгчөөс өргөн бариад буй төслийг одоо баталж, намын эрх зүйн орчинд нааштай өөрчлөлт гаргаасай гэж хүсэж байна. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнгөрсөн жил Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг төслийг бидэнд илгээсэн. Түүнийг одоо үйлчилж буй хуультай харьцуулж үзэхэд нэлээд дэвшилттэй, сайжирсан хувилбар байсан. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан төсөл нь миний үзэж, танилцсан хувилбар мөн бол сайн хууль гарч, бодитой өөрчлөлт гарах болов уу хэмээн найдаж байна. Энд нэг зүйлийг хэлэхэд, сүүлийн үед Монгол Улсад Үндсэн хуулийг өөрчилнө гэх сонирхол хэт давамгайлаад, өөр бусад чухал асуудлаа орхигдуулаад байх шиг. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэх хугацааг хойшлуулсан юм болов уу.
МАЖОРИТАР ТОГТОЛЦООТОЙ ҮЕД ХҮЙСИЙН КВОТЫГ ХЭЧНЭЭН ӨНДӨР ТОГТООГООД Ч ҮР ДҮНД ХҮРЭХГҮЙ
-Монголын улс төрийн намууд шийдвэр гаргах түвшинд тэгш төлөөллийг хангахаа амлалаа. Амлалтаа биелүүлэхийн тулд юунд анхаарах ёстой талаар хэлэхгүй юү?
-Монгол Улс шийдвэр гаргах түвшиндээ эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх шаардлагатай. Парламентын 76 гишүүний 13 нь эмэгтэй буюу 17 хувийг эзэлж байгаа нь ардчилсан улсуудыг энэ үзүүлэлтээр эрэмбэлэхэд доороосоо дөрөвдүгээрт бичигдэхэд хүргэж байна. Өөрөөр хэлбэл, Монголоос муу үзүүлэлттэй гурван орон байна гэсэн үг. Тиймээс жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр хийх ажил маш их байна. Юуны түрүүнд УИХ-ын сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиа сайжруулах хэрэгтэй. Тухайлбал, одоогийнх шиг сонгуулийн мажоритар тогтолцоотой үед хүйсийн квотыг хэчнээн өндөр тогтоогоод ч үр дүнд хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, жендерийн босго нь пропорциональ тогтолцоотой илүү зохицдог. Эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдөхдөө санхүүгийн хүнд саад бэрхшээл туулдгийг намууд нь харгалзан үзэж, бодлогоор дэмжих хэрэгтэй. Үүнийг Улс төрийн намын тухай хуульдаа тусган, төсвийн санхүүжилтээр зохицуулалт хийж болно. Энэ нь эмэгтэйчүүдийг дэмжээд зогсохгүй намуудыг илүү хариуцлагатай, ил тод болгож төлөвшүүлдэг.
Ер нь намын дотоод ардчилал маш чухал. Тухайн намынхан, тэр дундаа удирдлагууд нь квотын системийг дэмжихгүй бол өнөөгийн нөхцөл байдал тэгтлээ өөрчлөгдөхгүй. Намын бүсгүйчүүдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, нэвтрүүлэг, ярилцлагад оролцох боломжоор хангахаас энэ бүхэн эхэлнэ. Ингэж шийдвэр гаргагчдын болон иргэд, олон нийтийн сэтгэлгээний, хандлагын өөрчлөлт гаргахад цаг хугацаа шаардлагатай. Испанийн парламентын гишүүдийн 45 хувь нь эмэгтэй байна. Хүйсийн квот нь 50:50 харьцаатай. 1990-ээд онд парламент ганцхан эмэгтэй гишүүнтэй байсан юм шүү. Хууль, эрх зүйн орчныг нь сайжруулснаар бүхий л салбарт эрэгтэйчүүд давамгайлсан нийгэмтэй Испани сүүлийн 30 гаруй жилд ингэж өөрчлөгдсөн байна. Манайд (Испани) Батлан хамгаалахын сайдаар хэд хэдэн эмэгтэйг томилон ажиллуулсан юм шүү.
-Намд олгох төсвийн санхүүжилт болон эмэгтэйчүүдийн хооронд ямар хамаарал байдаг юм бэ?
-Сонгуулиар хөрөнгө мөнгийг хэрхэн зарцуулж байгаад хатуу мониторинг хийх шаардлагатай. Үүний хүрээнд жендерийн тэгш байдлыг хангаж буй, эсэх талаас нь харвал сонирхолтой үр дүн гардаг. Хүйсийн тэгш байдлыг хангахад чиглэсэн төсвийн санхүүжилтийн хэмжээ 2000-аад оны үед таван хувьд ч хүрдэггүй байсан. Харин 2017 оны судалгаагаар эл үзүүлэлт 30 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, улс орнууд жил ирэх тусам төсвийн санхүүжилтээсээ жендерийн тэгш байдлыг хангахад мөнгө зарцуулж буй хэрэг. Үүнтэй холбоотойгоор БНСУ-ыг онцолмоор байна. Хүйсийн тэгш байдлын төлөө тусгайлсан төсвийн бодлого боловсруулж, хэрэгжүүлснээрээ тус улс бүс нутаг, тивдээ мэдэгдэхүйц өөрчлөгдөж байна. Гэхдээ зөвхөн төсвийн санхүүжилтээр бүхнийг хийх боломжгүй. Олон арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлж байж л үр дүнд хүрдгийг улс орнуудын туршлага бэлхнээ харуулж байна.
-Улс төрийн санхүүжилттэй холбоотойгоор тодруулахад сонгуулийн болон сонгуулийн бус үеэр сонгогчдын саналыг худалдан авч байгаа явдлыг хэрхэн хязгаарлах ёстой вэ?
-Монголд тулгамдаж буй олон асуудлын нэг нь амлалт, сонгогчдын саналыг худалдах авах явдал нэлээд түгээмэл байгаатай холбоотой. Ер нь ямар нэгэн зүйл амлана гэдэг нь сонгогчдын саналыг худалдан авахаас тэгтлээ ялгарахгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр мөнгө өгөх, ирээдүйд өгнө гэж амлахад зарчмын ялгаа байхгүй. Тиймээс үүнийг хязгаарлах зохицуулалт байх ёстой. Мөн санхүүгийн цогц хяналт тавьж ажиллах шаардлагатай. Хандив, бэлэг сэлт тарааж байгаа явдлыг хөндлөнгөөс, шударгаар хянаж чадсан тохиолдолд үүнийг хумина. Түүнчлэн хуулийн этгээд, бизнесийн байгууллагаас улстөрчдөд өгдөг хандивт анхаарал хандуулах шаардлагатай. Үүнийг хүйсийн тэгш байдлыг хангах зорилготой холбон тайлбарлавал аж ахуйн нэгжүүдийн удирдлагын дийлэнх нь эрэгтэй байдаг. Эрэгтэйчүүд давамгайлж хандив өгч байгаа тохиолдолд нэр дэвшигч эрчүүдээ л дэмжих хандлагатай байдаг нь ажиглагдсан.
ЗОХИЦУУЛАЛТ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙХ ЁСТОЙ
-Эрх барьж буй намууд төсвөөр дамжуулан татвар төлөгчдийн мөнгөөр сонгогчдын саналыг худалдан авах явдал манайд газар авсан. Ээлжит сонгуулийн өмнөх жил бүр ч гаардаг. Төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын үйл ажиллагаа бүхэлдээ сонгогчдод таалагдахад чиглэдэг гэхэд болно. Олон улсад үүнийг яаж хязгаарладаг юм бол?
-Ийм зүйлс олон улсад ажиглагддаг. Сонгуулийн хугацаа дөхөхөөр янз бүрийн үйл ажиллагаа явуулж, сонгогчдод өөрийгөө сурталчлах гэдэг нь түгээмэл үзэгдэл л дээ. Тэдгээрийн аль нь улс орны тусын тулд вэ, эсвэл сонгогчдын саналыг авахад чиглэж байна уу гэдгийг ялгаж, салгахад бэрх. Гэхдээ энэ мэт зүйлс ардчилал хөгжих тусам замхран алга болдог. Жишээ нь, Испани бол ардчилал шинэ тутам хөгжиж буй улсуудын нэг. 1976 оноос хойш л манай улсад ардчилал хөгжиж байгаа. Намайг хүүхэд байхад сонгуулийн өмнөхөн хот, тосгонуудад маш их бүтээн байгуулалтын ажил хийдэг байсныг сайн санаж байна. Харин одоо манайд тийм зүйл бараг л үгүй болсон. Төр, засгийн зүгээс үүнийг хориглосон. Ингэхдээ тодорхой шалгуур тавьж, тухайн үйл ажиллагаа, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нь улс оронд хэрэгтэй юү, сонгогчдын саналыг авах гэж байна уу гэдгийг тодорхойлон, дүгнэлт гаргадаг. Улмаар түүнийгээ намуудад танилцуулан, юу хийж болох, болохгүйг нь чиглэл болгодог. Өөрөөр хэлбэл, зохицуулалт хэдийчинээ тодорхой, ойлгомжтой байна, тэр хэрээр намууд хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулна гэсэн үг.
-Манай парламент УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Ингэхдээ сонгуулийг тогтолцоог холимог буюу 38:38, 48:28 гэсэн хоёр байдлаар томьёолсон. Танд эдгээр хувилбар ямар санагдаж байна вэ?
-Холимог бус, шууд 100 хувь пропорциональ тогтолцоотой болох ёстой. Монголын намууд үнэхээр тэгш төлөөллийг хүсэж л байгаа бол сонгуулийн тогтолцооны өөрчлөлтийн төлөө тууштай зогсох шаардлагатай. Сонгуулийн тогтолцоо нь хэдийчинээ пропорциональ байна, төдийчинээ олон эмэгтэй парламентад орж ирж чаддагийг судалгааны дүнгүүд харуулж байна. Өөрөөр хэлбэл, сонгуулиа пропорциональ бус тогтолцоогоор явуулах тусам тэр хэмжээгээр цөөн эмэгтэй парламентад сонгогддог гэсэн хамаарал бий. Хүйсийн квотод ч ийм зүй тогтол ажиглагддаг. Тиймээс хууль тогтоомждоо жендерийн босгыг аль болох өндөр тавих нь зүйтэй. Гэхдээ квот дангаараа үр дүнгээ өгдөггүйг дахин тэмдэглэе. Намууд дотооддоо сайн дурын квот нэвтрүүлж, сонгуулиар санал болгох намын жагсаалтдаа нэр дэвшигчдийг эрэгтэй, эмэгтэйгээр нь сөөлжүүлэн байрлуулах нь үр дүнтэй.
-Та түрүүнд намын дотоод ардчилал чухал болохыг онцолсон. Дотоод ардчилал сайн болон муу нам ямар байдгийг хэлж өгөхгүй юү?
-Юуны түрүүнд дотоод ардчилал гэж юуг ойлгоод байгаа вэ гэдэг нь чухал. Жишээ нь, дотооддоо сунгаа явуулдаг намыг дотоод ардчилалтай гэх нь ч бий. Мэдээж энэ нь дотоод ардчиллыг нь илэрхийлэх нэг хэмжүүр байж болох ч хэт туйлшралгүй, алтан дунджийг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, зарим зүйлийн тунг нь хэтрүүлэхээр хүссэн үр дүнд хүрэх нь битгий хэл, нөхцөл байдлыг улам дордуулдаг. Гишүүд, дэмжигчид, иргэд, сонгогчид намыг өөрсдийнх нь эрх ашгийг төлөөлдөг байгууллага хэмээн ойлгодог. Энэ нь ч тэдний оршин тогтнох үндэс юм.