Манай улс өнгөрсөн нэгдүгээр сард 2.5 сая орчим тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 73 500 тонноор буюу гурван хувиар өссөн дүн болсныг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Түүнчлэн 2020 оны эхний сарынхаас 8000-аар илүү буюу 109 600 тонн зэсийн баяжмал, 644.6 мянган тонн (170.9-өөр бага) төмрийн хүдэр нийлүүлсэн байна. Ингэснээр нэгдүгээр сард эрдэс бүтээгдэхүүн болон бусад экспортоос 639.7 сая ам.долларын орлого олсон нь өнгөрсөн жилийнхээс 39.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнээс гадна нэгдүгээр сарын 25-31-нд Гашуунсухайт, Замын-Үүд, Ховдын Булганы боомтоор урд хөрш рүү зорчсон автомашины тоо өмнөх долоо хоногийнхоосоо 7-48 хувиар өссөн бол Хангиар нэвтрүүлсэн нь 18 орчим хувиар багасжээ. Манай улс 2020 онд 29 орчим сая тонн нүүрс экспортолсон бол энэ жил 42 сая тонныг нийлүүлэхээр төлөвлөсөн билээ.
Ташрамд дурдахад, “Багануур” компани техникийн шинэчлэл хийснээр өдгөө хоногт дунджаар 232 вагон нүүрс станцуудад нийлүүлж байгаа нь өнгөрсөн жилийн мөн үеэс 10 гаруй хувиар нэмэгдсэн дүн аж. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар “ДЦС-3”, “ДЦС-4” болон Дархан-Уул, Орхон аймгийн дулааны станцуудын хэрэгцээнд тус бүр 8-10 хоногийн нөөц бүрдүүлсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдийн нүүрсний захиалга өссөнтэй холбоотойгоор нэгдүгээр сард 40 000 гаруй тонныг илүү олборлон нийлүүлсэн гэв. Мөн нэгдүгээр сард 2608 шоо метр уулын цул гаргахаар төлөвлөсөн ч дээрх тоог 3072.1-т хүргэн 17.8 хувиар давуулан биелүүлжээ. Хөрс хуулах ажлыг ч 10 орчим хувиар давуулсан бол 515.5 мянган тонн нүүрс борлуулсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 50 000 тонноор өссөн дүн байв.