“Оюутолгой” компани өнгөрсөн онд 149 631 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэжээ. Уг дүнг 140-170 мянган тонн байна хэмээн төлөвлөснөө өмнө нь мэдээлж байв. Тэгвэл 181 858 унци баяжмал дахь алт үйлдвэрлэсэн нь эл дүнг 120-150 мянга байна хэмээн төлөвлөснөөс давсныг “Оюутолгой”-н 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources” мэдээлэлдээ онцоллоо. Энэ хугацаанд 40 200 279 тонн хүдэр боловсруулсан нь өмнөх жилийнхээсээ 577 мянган тонноор багассан үзүүлэлт юм. Аюулгүй ажиллагааг илтгэдэг, гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт 0.15 байсныг мөн дурдав. Хүдрийн агуулга нэмэгдсэн нь энэ жил хэвээр байх төлөвтэй аж. “Оюутолгой” компани 2021 онд 160-180 мянган тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Мөн 500-550 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн төлөвлөсөн нь өнгөрсөн наймдугаар сард танилцуулснаас өөрчлөгдөөгүй гэсэн үг. Оюутолгойн ил уурхай дахь үйл ажиллагааны хөрөнгийн зардал 120-160 сая, гүний уурхайнх 1.1-1.2 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй гэнэ.