Олон улсын хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Монгол Улс Оюутолгойн гүний уурхайн төслийг зогсоож болзошгүй хэмээн дамжуулав. “Оюутолгой” төслийн 66 хувийг эзэмшдэг “Turquoise hill resources” компани цахим хуудсандаа Монгол Улсаас татварын акт тавьсан болон бусад асуудлын талаар дурджээ. Тухайлбал, Монголын Засгийн газар “Дубайн гэрээ”-г цуцлах санал гаргасан гэж тэмдэглэсэн байна.
Эргэн сануулахад, “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээг эрчимжүүлэхээр болсныг Засгийн газар өнгөрсөн сард мэдээлж байв. УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл “Рио тинто” группийн шинээр томилогдсон гүйцэтгэх захиралтай цахимаар уулзах үеэр ийн тохиролцсон юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал нэмэгдэх нь тодорхой болсныг “Рио тинто” зарласнаас дөрвөн сарын дараа буюу 2019 оны арваннэгдүгээр сард УИХ Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоол баталсан билээ. Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ахалж буй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн сарын дундуур “Оюутолгой” төслийг Монгол Улсад яаж илүү үр өгөөжтэй байлгах талаар ажлын хэсэг хичээнгүйлэн ажиллаж байгаа. Ер нь хөрөнгө оруулагч талд бид дандаа бууж өгч, найр тавьж, аргадаж ирсэн. Одоо бол цаашдаа тэгэхгүй гэж ажиллаж байгаа. “Дубайн гэрээ”-г цуцлах санал тавьсан. Гэхдээ бид дангаараа цуцалж чадахгүй. Канадад “Рио тинто” төлж байгаа татвартай адил хэмжээнд Монголд татвар төлөх талаар бид нэхэмжлэл гаргаж байгаа. Эхний ээлжид Монгол Улсад 155 сая доллар төлөхийг нэхэмжилж, орлогын албан татвартай холбоотой байдлаар арбитрын маргаан үүсгээд ажиллаж байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой гэрээ Монголын талд асар ашиггүй нь тодорхой болсон” хэмээн өгүүлж байлаа.
Мөн хоёр талын хооронд татварын маргаан үүссэнийг өнгөрсөн сард мэдээлсэн. Татварын ерөнхий газар “Оюутолгой” ХХК-д хийсэн хяналт шалгалт нь 2016-2018 оны санхүүгийн жилийг хамарсан. Энэ удаагийн хяналт шалгалт нь олон улсын татварын асуудлыг хөндөж, зөрчил илрүүлснээрээ онцлогтой.
Хяналт шалгалтын үр дүнд “Оюутолгой” ХХК-д 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан ба ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 3.4 их наяд төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн акт үйлдсэн. Томоохон үнийн дүнтэй зөрчлөөс дурдвал үнэ шилжилтийн хүрээнд хийсэн хяналт шалгалт болон эх үүсвэрийн дүрмийг зөрчиж, Монгол Улсад төлөх татварын хэмжээг бууруулсан байна. Үндэстэн дамнасан групп компаниуд татварын ашиг хүртэх зорилгоор хийдэг үнэ шилжилтийг “Оюутолгой” ХХК нь “Рио тинто” групп, тэдгээрийн харилцан хамаарал бүхий талуудтайгаа хийснийг Татварын алба тогтоосон.
“Оюутолгой” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгээгүй ажил, үзүүлээгүй үйлчилгээ гэж үзэн, тодорхой ажил, үйлчилгээг “оффшор” гэрээнд хамааруулан холбогдох татварыг суутган авч төлөхгүй байгаа нь Монгол Улсын татварын хууль тогтоомжид тусгасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эх үүсвэрийн дүрмийг зөрчиж байна. Цаашид “Оюутолгой” ХХК нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн, Монгол Улсын татварын багц хуулийн хүрээнд олон улсын стандарт жишигт нийцсэн үнэ шилжилтийн тайлан гарган, Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын хувь хэмжээгээр татвараа үнэн зөв ногдуулан тайлагнаж, төлөх үүрэгтэй” гэж байв.
Тэгвэл “Оюутолгой” компаниас мэдэгдэл гаргасан юм. Түүнд “Оюутолгой” ХХК 2020 оны арванхоёрдугаар сарын 22-нд Татварын ерөнхий газраас 649 тэрбум төгрөг (228 сая ам.доллар)-ийн нөхөн төлөлтийн акт хүлээн авсан. “Оюутолгой” ХХК нь Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар, төлбөрийг холбогдох хууль, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Татварын ерөнхий газраас өгсөн зөвлөмжүүдийн хүрээнд цаг хугацаанд нь бүрэн төлдөг. Мөн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Үнэ шилжилтийн зөвлөмж гэх мэт олон улсын холбогдох дүрэм, журмыг үйл ажиллагаандаа баримталдаг. Энэхүү татварын хяналт шалгалтын хамрах хугацаанд буюу 2016-2018 оны хооронд “Оюутолгой” ХХК 797 сая ам.долларыг татвар, АМНАТ, бусад төлбөр хураамжид шилжүүлсэн. Мөн хугацаанд “Оюутолгой” ХХК 600 сая гаруй ам.долларын алдагдалтай ажилласан байна.
Энэхүү актад дурдсан асуудлуудын нэлээд хэсэг нь 2013-2015 оныг хамарсан татварын хяналт шалгалтын үр дүнд 2018 оны нэгдүгээр сард ногдуулсан шийтгэлийн хуудсанд дурдсан асуудлуудын үргэлжлэл юм. Өмнөх татварын шалгалтаар ногдуулсан татвар, төлбөрийн талаарх маргааныг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний маргаан шийдвэрлэх заалтын дагуу нэг мөр шийдвэрлүүлэхээр Монгол Улсын Засгийн газар болон “Оюутолгой” ХХК санал нэгтэйгээр Олон улсын арбитрын шүүхэд 2020 онд хандсан. Нөхөн ногдуулалтын актад дурдсан асуудлууд нь олон улсын арбитрт хандсантай үндсэндээ ижил төстэй, зарим нь адил байгаа тул нөхөн ногдуулалтын акттай холбоотой шинэ асуудлуудыг Олон улсын арбитрын шүүхэд явагдаж буй ажиллагаанд нэмж оруулах хүсэлт гаргахаар бэлдэж байна. “Оюутолгой” ХХК нь татвар, төлбөрийг цаг тухайд нь бүрэн хэмжээгээр төлдөг гэдгээрээ бахархдаг. “Оюутолгой” шиг том хэмжээний төслийн хөрөнгө оруулалтыг зөвхөн ил тод, урьдчилан таамаглах боломжтой татварын орчинд үндэслэн хийх боломжтой байдаг” гэж дурджээ.
Монголын Засгийн газар “Дубайн гэрээ”-г цуцлах, өөрчлөх санал гаргасан, хэлэлцэж эхлэх сонирхолтой байгааг “Turquoise hill resources” мэдээлэлдээ тэмдэглэснийг олон улсын хэвлэлүүд гүний уурхайн төслийг зогсоож болзошгүй хэмээн хэтрүүлэн ойлгож, уламжилсан бололтой гэж нэгэн эх сурвалж хэлэв. Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад “Гүний уурхайн төслийг зогсоох тухай яригдсаныг дуулаагүй. Ямар нэгэн мэдээлэлгүй байна” гэсэн юм. Дээрх мэдээллийн дараа Торонтогийн хөрөнгийн биржид “Turquoise hill resources” компанийн хувьцааны ханш 19 орчим хувиар доошилж, нэгж нь 14.9 доллартой тэнцлээ.