Цар тахлын үед БНХАУ, Монгол Улсын хилийн боомтод хэрэгжүүлэх “Ногоон гарц” түр журмыг цуцлах нь гэсэн мэдээлэл ирэв. Энэ талаар тодруулахад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан “Журмыг хэвээр хэрэгжүүлж байгаа. Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон нүүрсний экспортыг тасалдуулахгүй, хэмжээг нь бууруулахгүй байх бүх арга хэмжээг салбарын яамнаас авна” гэв. Хоёр улс тохиролцсоны үндсэн дээр “Ногоон гарц” түр журмыг энэ оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Коронавирус дэгдсэнээр Хятадын тал манай нүүрс тээврийн машинуудыг өөрийн нутагт хонуулахгүй, өдөрт нь буцаан хил нэвтрүүлдэг болсон юм. Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх зорилготой дээрх журмыг баталснаар манай нүүрс тээврийн жолооч нар Хятадын нутагт нэг хонох эрхтэй болсон. Ингэснээр нүүрсний экспорт хоёр дахин нэмэгдсэн билээ.
Эзэн Чингис хааны төрсөн өдөр тохиож өчигдөр бүх нийтээр амарсан. Үүнтэй холбогдуулан Монголын хилийн боомтынхон ч хилээ хаан амарчээ. Хил хаагдах учраас өнгөрсөн ням гарагт хил давсан манай машинууд Хятадын талд хоёр хонох нөхцөл үүссэн байна. Өөрөөр хэлбэл, журмаа зөрчих нөхцөл үүссэн гэсэн үг. Тиймээс өмнөд хөрш рүү нүүрс экспортолсон машинуудыг өдөрт нь буцаажээ. Үүнийг зарим тээврийн жолооч манайх коронавирусийн халдварыг дотооддоо алдсан учраас “Ногоон гарц” түр журмыг цуцалж байна гэж ойлгосон бололтой. Харин коронавирусийн халдварыг дотооддоо алдсанаас шалтгаалж, Хятадын тал хил гаалийн хяналт шалгалтаа чангаруулж, энэ нь нүүрсний экспортын хэмжээг бууруулаад байгааг “Монгол нүүрс ассоциац”-ын гүйцэтгэх захирал Ж.Золжаргал дуулгав. Жолооч нарыг халдвараас хамгаалах хувцас хэрэглэлээ бүрэн өмссөн, эсэхийг сайтар шалгаж байгаагаас нэг машиныг хил нэвтрүүлэх хугацаа сунажээ. Тодруулбал, өдөрт дээд тал нь 1700 машин нүүрс экспортолж байсан нь өдгөө 1400 болж буурсан аж.