“Монголросцветмет”-ийн ОХУ-ын эзэмшилд байсан 49 хувийг “Монголын зэс корпорац” худалдаж авсан. Улмаар жил гаруйн өмнө төрийн мэдэлд авч, төрийн 100 хувийн өмчтэй үйлдвэрийн газар болсон байдаг.
Төрийн мэдэлд бүрэн шилжиж ажилласан эхний нэг жилд “Монголросцветмет” хэрхэн ажилласан талаар Аудитын байгууллага санхүүгийн шалгалт хийсэн байна.
Ингээд “Монголросцветмет” ТӨҮГ-ын санхүү, нягтлан бодох бүртгэл, дотоод хяналтын системд хийсэн үнэлгээний тойм, аудитын явцад илрүүлсэн зүйлс, гаргасан шийдлүүд, анхаарал хандуулахуйц залруулаагүй материаллаг болон материаллаг бус алдаа зөрчлийг гаргаж иржээ.
Энэ талаарх мэдээллийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл хүргэж байна. Аудитаар тогтоосон есөн эрсдэл, гүйцэтгэх үе шатанд 12 эрсдэл тодорхойлж, нийт 12 горим сорил хэрэгжүүлжээ. Мөн нийт 83.0 сая төгрөгийн алдаа, зөрчилд дөрвөн зөвлөмж өгч, менежментийн захидалд тусгасан байна.
Санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгийн эргэц, өмч хөрөнгөд тавих дотоод хяналт сайжруулах, он удаан жил болсон өр, авлагыг шийдвэрлэх ажлыг бүрэн хийгээгүй, ашиглах боломжгүй, агуулахад хадгалагдаж эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх тухай аудитын зөвлөмж хүргүүлсэн боловч бүрэн шийдэгдээгүй, зарим нэрийн бүтээгдэхүүний олборлолт, борлуулалтын орлогын төлөвлөгөө тасарсан зэрэг асуудалд “Монголросцветмет” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбатыг анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзжээ.
Тухайлбал, борлуулалтын төлөвлөгөөний биелэлтийн хувьд хайлуур жоншны бүтээгдэхүүний борлуулалт 52.1 хувиар, төмрийн баяжмалын бүтээгдэхүүний борлуулалт 8.8 хувиар, төмрийн хүдрийн борлуулалт 17.8 хувиар, алтны олборлолт 89.3 хувиар тасарсан байна. Ингэснээр “Монголросцветмет” ТӨҮГ-ын ТУЗ-ийн 2019 оны 01 тоот тогтоол, ТӨБЗГ-тай байгуулсан 2019 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг үндэслэн бизнес төлөвлөгөөг үзүүлэлт бүрээр ханган биелүүлээгүй аж.
Мөн 2019 онд нийт 387.8 сая төгрөгийн түрээсийн орлого төвлөрүүлсэн байна. Үүнээс үл хөдлөх хөрөнгө түрээсэлсний талбайн түрээсийг 10 аж ахуйн нэгж, иргэнтэй байгуулж 95.6 сая төгрөгийн орлого олсноос 30 хуьь буюу 28.6 сая төгрөгийг ТӨБЗГ-т төвлөрүүлж тооцоо нийлсэн актаар баталгаажуулжээ. “Монголросцветмет” ТӨҮГ түрээслэгч байгууллагатай үл хөдлөх хөрөнгийн талбай түрээслэх гэрээ байгуулсан, боловч гуравласан гэрээг ТӨБЗГ баталгаажуулаагүй байна. Энэ нь эрх ба үүрэг гэсэн батламж мэдэгдэлтэй нийцэхгүйгээс гадна Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28.5, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолын холбогдох заалтыг зөрчжээ.
Түүнчлэн харьяа үйлдвэрүүдэд хадгалж байгаа хэрэгцээ шаардлага хангахгүй, элэгдэлд орсон зарим сэлбэг, хангамжийн материал, бараа материалын үлдэгдэл байгаа нь ашиглалтгүй эргэлтийн хөрөнгө, бараа материалын үлдэгдэл, эргэцэд зохих хэмжээгээр нөлөөлөхөөр байна. Иймд ашиглалтын шаардлага хангахгүй болсон сэлбэг, хангамжийн материалын үлдэгдлийн судалгааг гаргаж шийдвэрлүүлэх ажил хийгдээгүй байна. Энэ нь иж бүрэн байх, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэгдэлтэй нийцэхгүйгээс гадна СТОУС-12, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн байна.
“Монголросцветмет“ ТӨҮГ-ын 2019 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар 1 676 366.5 мянган төгрөгийн авлагын үлдэгдлээс 0.76 хувь буюу 12.1 сая төгрөгийн авлагын үлдэгдлийг баталгаажуулжээ. Нийт дансны авлагын 24.9 хувь буюу 411 037.0 мянган төгрөгийн авлага нь 2012-2018 онд үүссэн авлага эзэлж байна. Харин 2019 онд өмнөх оны авлагаас 1 207 757.8 мянган төгрөгийн авлагыг барагдуулж, 1 049 449.1 мянган төгрөгийн авлага шинээр үүссэн байна.
Тайлант оны эцэст дансны 9 009 480.63 мянган төгрөгийн өрийн үлдэгдэлтэй гарсан. Үүнээс 0.92 хувь буюу 83,052.8 мянган төгрөгийн үлдэгдлийг актаар баталгаажуулаагүй байна.
Өмнөх онд үүссэн өр төлбөрөөс 5 806 532.6 мянган төгрөгийн өр барагдуулж, 5 057 373.9 мянган төгрөгийн өр төлбөр шинээр үүссэн байна. Өглөгийн үлдэгдлийг бүрэн тооцоо нийлсэн актаар баталгаажуулаагүй нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, 20.2.6 “Эд хөрөнгийн болон төлбөр тооцооны тооллого хийх үр дүнг шийдвэрлэх, бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагчтай тооцоо хийж, үлдэгдлийг баталгаажуулж, баримтжуулах ажлыг зохион байгуулах, удирдах” гэсэн заалттай нийцэхгүй байгааг аудит зөвлөжээ.
Өөрөөр хэлбэл, аудитын дүгнэлт, тайлан нь “Монголросцветмет” ТӨҮГ-т менежмент хэрэгтэй болсныг харуулж байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ