-Төлбөрийн зарим хэсгийг төлөхгүй гэж “Арева Монгол”-тай барьцсан ч...-
“Төр оршихуй дор татвар буй, татварын дор төр оршино” гэдэг. Төрт улсын иргэн бүрийн үүрэг бол татвар төлөх юм. Тэр утгаараа татвар төлөх ухамсар монгол иргэн бүрт байх ёстой. Гэхдээ манай томоохон аж ахуйн нэгжүүд, өндөр нэр хүндтэй эрхмүүд татвараас бултсан асуудалтай холбогдох нь олонтаа. Санаатай, санаандгүй шалтгаан байх ч татвар нуух гэдэг нь л дээрх төр оршин байхтай зөрчилдөж буй юм.
Энэ удаад Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдэл ЕТГ-ын дарга асан П.Цагааны гэр бүлийн эзэмшлийн татвартай холбоотой нэгэн фактыг хүргэж байна.
П.Цагаан бол санхүү, эдийн засгийг гаргууд сайн мэднэ. Тэрээр 1985 онд Москвагийн ОУХДС-ийг төгссөн. Олон улсын хуульч, эдийн засагч мэргэжилтэй. 1995-1996 онд “Голомт” банкны ерөнхий захирал, 1996-1998 онд Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан эрхэм юм. Тэгвэл Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 он есдүгээр сарын 25-ны өдрийн хурлаараа П.Цагааны гэр бүлийн “Ачит ихт” ХХК-ийн гомдлыг авч хэлэлцээд 08 дугаартай тогтоол гаргажээ. Учир нь юу байв гэхээр Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар “Ачит ихт” ХХК-ийн 2014-2017 оны албан татварын ногдуулалт, төлбөрийн байдалд хяналт шалгалт хийж, 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 210297770 дугаар шийтгэлийн хуудсаар 9 359 791 458.25 төгрөгийн зөрчилд 1 285 361 788.70 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
Татварын байцаагч нар 210297770 дугаартай шийтгэлийн хуудасны хавсралт “Эрх бүхий албан тушаалтанд шийтгэлийн хуудасны хувийг гардуулсан тухай тэмдэглэл”-ийг үйлдэж “Ачит ихт” ХХК-ийн захирал Д.Эрдэнэцэцэгт 2018 оны арваннэгдүгээр сарын 21-нд гардуулжээ. Үүний дагуу “Ачит ихт” ХХК-ийн захирал Д.Эрдэнэцэцэг 2018 оны арваннэгдүгээр сарын 30-нд 236 063 060.08 төгрөгийг Төрийн сангийн 100900000301 харилцах данс, 341 897 294.41 төгрөгийг Төрийн сангийн 100200600956 харилцах данс, 707 401 434.25 төгрөгийг Төрийн сангийн 100900000201 харилцах дансанд тус тус төлсөн байгаа юм. Үүнээс таван сарын дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сард “Ачит ихт” ХХК-ийн зүгээс ТЕГ-т гомдол гаргаж эхэлсэн байна. Тухайлбал, “Ачит ихт” ХХК-ийн Захиргаа, хүний нөөцийн захирал Ц.Ариунжаргал Маргаан таслах зөвлөлд гаргасан хүсэлтдээ “...“Ачит ихт” ХХК нь татварын улсын байцаагчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн 210297770 дугаар шийтгэлийн хуудас буюу татварын улсын байцаагчийн актад гомдол гаргах хугацааг нөхөн сэргээлгэх хүсэлтээ 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр 1/196 тоот албан бичгээр гаргасан билээ. Гэтэл ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс 2019 оны наймдугаар сарын 27-ны өдөр 78 тоот албан бичгээр “...хугацаа сэргээхтэй холбоотой хүсэлтээ Захиргааны хэргийн шүүхэд гаргах нь зүйтэй” гэсэн хариуг өгсөн. Үүний дагуу “Ачит ихт” ХХК нь 2019 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 1/499 тоот албан бичгээр “Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлт”-ээ Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 1/7779 тоотоор
“...Захиргааны ерөнхийхуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойшх гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу захиргааны байгууллагад буюу татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлтийг захиргааны байгууллагад өөрт нь буюу ТЕГ-ын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гаргана. Иймд танай ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргах, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаарх хүсэлтийг буцаан хүргүүлэв” гэж шийдвэрлэсэн байна. ТЕГ-ын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газраас 2018 оны есдүгээр сарын 12-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 21-ний өдөр хүртэл “Ачит ихт” ХХК-ийн 2014-2017 оныг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийж, нийт 1 285 361 788.70 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги төлүүлэхээр акт тавьсан. Үүнээс манай компани 931.267.198.80 төгрөгийг зөвшөөрч шууд барагдуулсан.
Харин зээлийн хүүгийн орлогод НӨАТ суутгаагүй гэх үндэслэлээр 354 094 589.90 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хуулийн үндэслэл эргэлзээтэй, үндэслэл муутай байсан тул энэ талаар байр сууриа илэрхийлэхэд татварын улсын байцаагч “Хөрөнгө оруулалтын зээлийн хүүнд төлсөн төлбөрт НӨАТ-ын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой Сангийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу акт тавьсан. Ийм байдлаар бусад компанид ч акт тавьж байгаа” гэж тайлбарлаж, “Хойшид ч хуулиар ийм болно” гэснийг итгэж зөвшөөрсөн. Татварын улсын байцаагч нар Сангийн яамнаас өгсөн бичиг, чиглэлтэй танилцуулаагүй бөгөөд “Ачит ихт” ХХК нь ийнхүү иж бүрэн шалгалтын актыг хуульд нийцэж гарсан гэж төөрөгдсөн учир зохих нөхөн төлбөр, торгуулийг барагдуулсан. Гэтэл хүлээн зөвшөөрсөн дээрх үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй болохыг “Арева Монгол” ХХК нь зээлийн хүүд төлсөн төлбөрт НӨАТ ногдуулсан татварын актад гомдол гаргасныг ТЕГ-ын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2019 оны хоёрдугаар сарын 27-ны 05 дугаар тогтоолоос хүүгийн орлогын зээлийн хүүнд төлсөн төлбөрт НӨАТ ногдуулсан татварын акт нь хууль зүйн үндэслэлгүй болохыг мэдсэн.
Үүний мөрөөр “Ачит ихт” ХХК-д акт тавих болсон гэх Сангийн яамны НӨАТ-ын хуулийг хэрэгжүүлэх чиглэл өгсөн албан бичигтэй танилцахад “Татварын улсын байцаагч нь НӨАТ-ын хуулийн хэрэгжилттэй холбоотой Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч, Хууль зүйн газрын даргын албан бичиг болон Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын чиглэл, зөвлөмжийг шууд манайд хамааруулан буруу тайлбарлаж, хуулийг хэрэгжүүлэх тайлбар мэт төөрөгдүүлэн итгүүлж гомдол гаргах эрхийг маань хязгаарласан. Үүний улмаас манай компанийн эрх, хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдсөн болохыг олж мэдсэн. Иймд татварын улсын байцаагчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 102977770 дугаар шийтгэх хуудас буюу татварын улсын байцаагчийн актад гомдол гаргах хугацааг нөхөн сэргээлгэх тухай хүсэлтийг дахин гаргаж байх тул гомдол гаргах эрхийг сэргээж өгнө үү” гэжээ.
Харин Маргаан таслах зөвлөлөөс “Ачит ихт” ХХК нь магадлагаанд хүндэтгэн үзэх нотлох баримт ирүүлээгүй бөгөөд 18 хоногоор хэтрүүлсэн нь тогтоогдож байх тул гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн байна. Гэхдээ энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхийг “Ачит ихт” ХХК-д нээлттэй үлдээжээ.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ