“Эрдэнэт үйлдвэр”-ийн Чанарын хяналтын хэлтсийн харьяа Химийн төв лабораторийн шинэ барилгын зураг төслийн ажлыг эхлүүлжээ. Тус лабораторийн шинэ барилга барих саналыг 2013 онд гаргасан аж. Одоогийн лабораторийн барилга нь чанарын шаардлага хангаагүй, химийн бодисын ууршилт ажлын байранд их тархдаг, агааржуулалтын систем муутай зэрэг нь ажилтнуудын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Дээрх үндэслэлээр стандартын шаардлага хангасан барилга барих хэрэгтэй болжээ.
Шинээр барих барилгыг орчин үеийн инновац, технологийн дэвшил шингэсэн, хэсэгчлэн хагас автоматжуулсан лабораторийн цогцолбор байдлаар барихаар төлөвлөж буй гэнэ. Энэ барилгыг ашиглалтад оруулснаар улсдаа төдийгүй Ази тивд тэргүүлэх лаборатори болох боломжтой аж. Лабораторийн барилгын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргасан байна. Зураг төслийн ажлын гүйцэтгэгчээр “Пи Ай” компани ажиллаж буй агаад ирэх оны хоёрдугаар сард бэлэн болох гэнэ. Тэгвэл шинэ барилгыг 2021 онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.