Гашуунсухайт-Ганц модны боомтоор нүүрс экспортлох машинууд 10 гаруй км дараалал үүсгэжээ
Хоёр жилийн дараагаас Тавантолгойн ордын нүүрсийг өмнөд хөрш рүү тээвэрлэх зорилгоор тавьж буй Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцан өмнө зүгийг зорих зуурт зүүнтэйх авто замаар хүнд даацын ачааны машинууд чөлөө зайгүй зөрөлдөх нь харагдана. Мэдээжийн хэрэг өмнийг зорьж байгаа нь нүүрс ачсан, хойд зүг рүү уурхайг чиглэж буйгийнх нь тэвш хоосон байх. Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмыг хэрэгжүүлснээр нүүрсний экспорт илт сэргэсэн нь эндээс илэрхий харагдав. “Ковид-19” цар тахлын үед жолооч нарыг уг өвчнийг тусахаас сэргийлэх арга хэмжээ авсан түр журмыг хоёр улс мөрдүүлж ажиллаж байгаа билээ. Гашуунсухайтын боомт руу дөхөж очвол хил давахаар дараалсан машинуудын цуваа 10 гаруй км үргэлжилсэн байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрсөн сард 1.7 сая тонн коксжих нүүрс борлуулжээ. Энэ үзүүлэлт нүүрсний экспорт огцом сэргэснийг эрхгүй илтгэх биз.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг “Тавантолгой төмөр зам” компани захиалан тавиулж буй. Энэ компанийн хувьцааны 66 хувийг “Эрдэнэс Тавантолгой” эзэмшдэг. “Эрдэнэс Тавантолгой” эзэмшигчийнх нь толгой компани нь учраас нүүрсний замд давуу эрх эдлэх нь тодорхой. Товчхондоо, иргэн бүр хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсийг тээвэрлэх төмөр зам тавьж байна гэж ойлгож болно.
Төмөр замын бүтээн байгуулалтыг сурвалжлах багийнханд “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний олборлолтын явцтай танилцах боломж олгосон юм. Хааш хаашаа 10-аад км тэлсэн уурхайн амны энд, тэнд тоос манарна. Хөрс болон нүүрс тээврийн хүнд даацын машинуудын тэвшинд экскаватор ачааг нь асгаж, их тоос босгож буй нь дамжиггүй. Уурхайн амны орчимд нүүрс ачихаар хүлээн, дараалалд орсон машинууд харагдана. Энд, тэнд эгнүүлэн байрлуулсан машинууд ч үзэгдэнэ. Хэдэн зуун тоннын даацтай машинууд том уурхайн аманд шоргоолж мэт “бужигнах” аж. “Эрдэнэс Тавантолгой” нь дэлхийд эхний 10-т эрэмбэлэгдэж буй нүүрс олборлолтын компани билээ.
Тус компани энэ онд 17 сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөжээ. Гэвч дэлхий дахинд коронавирус тархаж, онцгой дэглэм тогтоон хилээ хааснаар төлөвлөгөө нь тасарсан байна. Тэднийх энэ оны эцэс гэхэд нийт 11 сая тонн нүүрс экспортолно гэсэн төсөөлөлтэй байгаа аж. Сурвалжлах багийг уурхайдаа тосон авсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Яаж ч хичээгээд 11 сая тонноос их хэмжээний нүүрс экспортолж чадахгүй гэж бодож байна. Энэ оны эхний хагас жилд нүүрсээ бараг нийлүүлж чадсангүй. Харин түр журам хэрэгжүүлснээр эрчимтэйгээр экспортолж байна” гэв.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай, нэгдүгээр зэрэглэлийнх байна. “Эрдэнэс Тавантолгой” компани энэ замаар жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Эл төмөр замыг барих санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компанид нүүрсээ нийлүүлэн гаргаж буй. Өөрөөр хэлбэл, “Бодь интернэшнл” нүүрс аваад оронд нь төмөр зам тавьж өгч байна гэсэн үг. Мөнгөн дүнгээр тооцвол “Эрдэнэс Тавантолгой” одоогоор 762 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн гэсэн тооцоолол танилцууллаа.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам Тавантолгойн ордын өмнө талд Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замтай холбогдоно. “Эрдэнэс Тавантолгой” компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар нүүрс тээвэрлэхээр зэхэж буй. Энэ нь жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой гуравдугаар зэрэглэлийн төмөр зам юм. Уг замаар “Эрдэнэс Тавантолгой” компани жилд 11 сая тонн нүүрс тээвэрлэхээр төлөвлөжээ. Мөн л тэднийх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг санхүүжүүлж буй. Эхний ээлжийн 750 тэрбум төгрөгийн санхүүжилтийг гаргасан байна. Тэгвэл уг төмөр замыг эзэмших “Зүүнбаян төмөр зам” компанийг байгуулж, “Эрдэнэс Тавантолгой”-д хувьцааных нь 66 хувийг эзэмшүүлснээр дараагийн санхүүжилтийг нь хийхээр болжээ. Удахгүй дараагийн санхүүжилт болох 653 тэрбум төгрөгийг олгож эхлэх гэнэ.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн Цанхийн баруун болон зүүн уурхай
Хоёр төмөр замыг 2022-2023 онд ашиглалтад оруулах хугацаатай давхцуулан жилд 202 сая тонн шоо метр уулын цул гарган, 45 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүрдүүлэх шаардлага “Эрдэнэс Тавантолгой” компанийнханд тулгарчээ. Дээрх хэмжээний олборлолтын 60 хувийг өөрсдийн техникээр гүйцэтгэх юм байна. Иймээс ирэх жилээс тэднийх машин техник, тоног төхөөрөмж худалдан авахад ихээхэн хэмжээний хөрөнгө зарцуулах нь.
Төлөвлөгөө ёсоор “Эрдэнэс Тавантолгой” компани нийт олборлох нүүрснийхээ 31 сая тонныг төмөр замаар тээвэрлэнэ. Гэтэл жилд 45 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүрдүүлэх гээд байгаа нь ямар учиртай вэ. Б.Ганхуяг захирал “Баяжуулсан нүүрс болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ авто замаар тээвэрлэх бодлого баримталж байгаа. Илүүг нь авто замаар тээвэрлэнэ хэмээн ойлгох хэрэгтэй” гэлээ. Ингэхийн тулд Тавантолгойгоос Ханги-Мандалын боомт хүртэл 480 км зайд төр, хувийн хэвшлийн түншлэлээр зэрэгцээ авто зам тавих төсөл хэрэгжүүлэх юм байна. Өөрөөр хэлбэл, нэмүү өртөг шингээсэн, үнэтэй бүтээгдэхүүнээ машинаар тээвэрлэх нь.
Нүүрсний аварга орд эзэмшигч “Эрдэнэс Тавантолгой” төмөр зам тавихаас гадна нүүрс баяжуулах үйлдвэр барьж бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээхээр бэлтгэж буй. Тэднийх жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барих техник, эдийн засгийн үндэслэл боловсруулсан. Үйлдвэрийн эхний блок буюу жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай хэсгийг нь 2023 онд ашиглалтад оруулах гэнэ. Үүгээр зогсохгүй үйлдвэрүүд болон суурьшлын бүсийг хангах усан хангамжийн төсөл хэрэгжүүлнэ. Говьд бүтээн байгуулалт хийхийн тулд усан хангамжаа заавал шийдэх учиртай. Ингэхгүй бол ямар ч төсөл хэрэгжүүлэх боломжгүй.
“Эрдэнэс Тавантолгой” Тавантолгойн ордыг түшиглэн байгуулах 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын хувьцааны 30 хувийг эзэмшиж, үүндээ тохирох буюу 237 сая ам.долларын санхүүжилтийг ирэх жилээс хийж эхлэхээр болсон. Тус компанийн ашиг орлоготой Тавантолгойн ордыг тойрсон төслүүдийн хувь заяа хэлхээтэй болжээ. Энэ компани муу ажиллавал өмнийн говийн мега төслүүд хэрэгжихгүй нь байна. Тавантолгойн ордыг дагаж төмөр зам, авто замын сүлжээ үүсэх нь тодорхой боллоо. Өндөр хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц баригдах нь. Газар нутагт нь долоон тэрбум тонн нүүрсний нөөцтэй Тавантолгойн орд оршдог Өмнөговь аймгийн Цогтцэций сумд томоохон хот босгох нь дамжиггүй.
Говийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг компаниуд 50 гаруй мянган хүн амтай, уурхайчдын хот босно гэж төсөөлж байгаа аж. Б.Ганхуяг захирал “Бид 50 мянга гаруй хүн амтай Эрдэнэс хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна” гэж ярьсан. Хэдхэн жилийн өмнө шанх омгийн шандаст хүлгүүд уралдаж байсан Тавантолгойн хөндийд өндөр хот сүндэрлэх нь. Уурхайчид шинээр байгуулах хотдоо Эрдэнэс хэмээх нэр хайрлаад амжжээ. Шаргал говийн уудам хөндийд Эрдэнэс хот хэмээх эдийн засгийн төвлөрөл үүсэх ирээдүйн зураглал ийм гэнэ.