Казахстаны Алматы хотод зохион байгуулж буй Болат Турлыхановын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох тэмцээний сүүлчийн өдрийн барилдаанд “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга 65 кг-ын жингийн шигшээд Тажикистаны Комрон Холовыг 11:0-ээр ялав. Хагас шигшээд Узбекистаны Умижон Жалиловыг 5:1, финалд Азийн аваргын хошой хүрэл медальт Аббос Рахмоновыг 9:1-ээр илүүрхэж аварга боллоо. Түүний хувьд дэлхийд амжилтынхаа чансаагаар II байрт жагсаж байсан бол энэ удаа түрүүлснээр жингээ тэргүүлж эхэллээ. Мөн 74 кг-д 23 хүртэлх насныхны ДАШТ-ий хүрэл медальт, “Сүлд” спорт хорооны Б.Бямбадорж алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын аварга, Словакийн Таймураз Салказановт 0:8-аар ялагдаж мөнгөн медаль хүртсэн юм. Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл, нийт есөн медальтай эх орондоо ирэх нь.