Чөлөөт бөхийн залуучуудын УАШТ болж, эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, эмэгтэйчүүдийн 62, 65, 68, 72, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн. Эрэгтэйчүүдийн 70 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Я.Үржинжав, эмэгтэйчүүдээс 65 кг-д Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн А.Даваажаргал, 76 кг-д “Хасу-Мегастарс” клубийн Д.Халиун нар жил дараалан түрүүлж, хошой аварга боллоо. Бусад долоон жинд шинэ аварга төрөв.
Жин тус бүрт аваргаар шалгарсан бөхчүүд Бахрейн улсын Манама хотод долдугаар сард болох Азийн АШТ, наймдугаар сард Болгарын нийслэл Софид зохион байгуулах ДАШТ-д оролцох нь. Тус тэмцээнийг эрэгтэйчүүдийн ангилалд анх 1972, эмэгтэйчүүдийнхийг 2007 оноос зохион байгуулсан түүхтэй. Монголын энэ спортын түүхэнд залуучуудын улсын аваргад давхардсан тоогоор гурваас дээш удаа алтан медаль хүртсэн 20 тамирчин бий. Тэднээс Б.Нямгэрэл таван удаа (2011-2015 он) тэргүүлжээ. Түүний амжилтыг давтсан бөх хараахан тодроогүй байна.