Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо АНУ-д ирэх долдугаар сард болох хөнгөн атлетикийн ДАШТ-д зориулан албан ёсны цахим хуудсандаа улс бүрийн онцлох тамирчдын тухай нийтэлж буй. Үүний хүрээнд Ирландын сэтгүүлч Катал Деннехигийн Монголын марафонч, Гавьяат тамирчин Б.Сэр-Одын талаар бичсэн нийтлэл энэ сарын 23-нд worldathletics.org цахим хуудсанд гарчээ. 110 жилийн түүхтэй, 214 орныг гишүүнээр багтаасан тус холбоо манай тамирчдаас түүнийг онцолсон нь дэлхийн олон орны үзэгчдийн сонирхлыг татаж байна. Ази тивийн аварга, мөнгөн медальт, Зүүн Азийн наадмын мөнгөн медальт Б.Сэр-Од 2003 оноос хойш хөнгөн атлетикийн ДАШТ-д тасралтгүй есөн удаа шалгарч оролцсон юм. Тэрбээр Америкт эхлэх дэлхийн аваргад оролцох болзол хангасан, тус тэмцээний марафоны төрөлд 10 дахь удаагаа хурд сорих анхны тамирчнаар тодрох нь. Түүнчлэн “Парис-2024” олимпод оролцох түүний зорилго биелбэл зургаан олимпын наадамд өрсөлдсөн анхны марафонч болох аж.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин