Хэнтий аймгийн төвд зохион байгуулсан, шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээн өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний явцад хошуучилж эхэлсэн их мастер А.Энхтуул аравдугаар тойргийн тоглолтод хар өнгөөр наадаж, Дэлхийн шатрын холбооны дэд мастер Б.Амин-Эрдэнэтэй эвийн гэрээ байгуулсан юм. Түүний араас нэхсэн олон улсын мастер Б.Баярмаа олон улсын мастер Т.Мөнхзултай тэнцэж, мөн эвийн гэрээ байгуулахад онооны зөрүү 1.5 болсноор аварга тодров.
Энэ удаа эмэгтэйчүүдээс Монгол Улсын 25 дахь аваргаар “Элит брейн” олон улсын шатрын академи, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Сэлэнгэ аймгийн тамирчин, их мастер А.Энхтуул шалгарлаа. Тэрбээр сүүлийн тойргийн өмнө түрүүлэх болзол хангасан юм. Эрэгтэйчүүдээс “Дагшаахүү” клуб, “ABChess” академи, Хэнтий аймгийн тамирчин, их мастер Д.Батсүрэн 32 дахь аварга боллоо. Тэрбээр 11 дэх тойргийн өрөгт их мастер Б.Гүндаваатай таарч, тэнцсэнээр тэргүүлсэн. Тоглолтын ангилал бүрээс эхний таван байрт шалгарсан нь Энэтхэгийн Ченнай хотод наймдугаар сард болох дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцох эрх авна.