Малайз улсад Азийн хөлбөмбөгийн холбооны футзалын цомын тэмцээний урьдчилсан шатны зүүн бүсийн тоглолт болж буй. Энэ сарын 21 хүртэл үргэлжлэх тэмцээнд таван улсын шигшээ багийнхан нэг хэсэгт өрсөлдөж, эхний гурван байр эзэлсэн нь Кувейтэд ирэх есдүгээр сард болох шигшээ шатанд шалгарах юм. Монголын футзалын үндэсний шигшээ багийнхан Хонконгийн тамирчидтай эхний тоглолтоо хийлээ. А.Тэмүүлэн онооны харьцааг 1:0 болгосон ч эсрэг багийнхан торгуулийн цохилтоос гоол оруулж, тоглолт 1:1 тэнцээгээр өндөрлөжээ. Манай тамирчид үүний дараа БНСУ, Япон, Тайванийн багийнхантай тоглох юм. Ташрамд дуулгахад, “Нийтийн хөлбөмбөг” төслийн өдөрлөгийн хүрээнд Словак улсын “Комарно” клубийн тоглогч Г.Ганбаяр тэргүүтэй Унгарын “Пушкаш” академид суралцсан залуус Монголын хөлбөмбөгийн холбооны 19 хүртэлх насныхантай Сүхбаатарын талбайд нөхөрсөг тоглолт хийв. 19 хүртэлх насныхан ах нараа 9:6-гаар буулган авч, бэлтгэл сайтай байгаагаа харууллаа.
Г.ЦЭЦЭГ