АНУ-д ажиллаж, амьдардаг монголчууд сагсан бөмбөг, волейбол, гольф, боулинг, ширээний теннис, теннис, дугуй, шатар зэрэг спортын олон төрөлд аваргаа тодруулдаг уламжлалтай. Тэдгээрийн дундаас онцгойрдог, хамгийн олон оролцогчтой, нэр хүндтэй нь хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн. 2006 оноос түүх нь эхэлдэг, Америк дахь монголчуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд тус улс дахь халимаг, буриадуудын багийнхан ч оролцдог. Үүгээрээ монгол туургатны тэмцээнд тооцогддог юм. Насанд хүрэгчид болон мастерс ангилалд зохион байгуулдаг эл тэмцээнийг Америкийн монголчуудын хөлбөмбөгийн холбооноос удирдан явуулдаг. Өмнө нь Чикаго, Вашингтон, Сан-Франциско, Лас-Вегас, Сиэтл, Лос-Анжелес, Нью Жерси зэрэг хотод зохион байгуулсан уг тэмцээн энэ жил Колорадо муж улсын Денверт ирэх сарын 10-нд эхэлж, гурав хоног үргэлжлэх нь.
Ц.ЭНХТҮВШИН