Зуны XXIV дифлимпийн наадамд Монголоос жүдогийн тав, чөлөөт бөхийн гурван тамирчин оролцсон. Чөлөөт бөхийн төрөлд “Самсун-2017” дифлимпийн мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Н.Эрхэмбаяр 65 кг-ын жинд тэргүүлж, аварга болсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Өвөрхангай аймгийн харьяат Б.Оюундэлгэрэх жүдо бөхийн 70 кг-д хүрэл медаль хүртэв. Ингэснээр Монголын багийнхан медалийн чанараар 73 орноос 32 дугаар байрт жагссан байна. Үүнээс таван жилийн өмнөх дифлимпэд манай тамирчид дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар 33 дугаар байрт бичигджээ.
Жүдо бөхтэй холбоотой өөр нэг мэдээ дуулгахад, Гүржийн Тбилиси хотод ирэх сарын 3-5-нд гран при тэмцээн болно. Тус тэмцээнд 32 улсын 280 гаруй жүдоч оролцох нь. Өнгөрсөн жил 80 орны 441 тамирчин хүч сорьжээ. Энэ удаа эзэн орны 38 жүдоч зодоглох бөгөөд шилдгүүдээс олимпын аварга Л.Бекаури, В.Липартелиани, Б.Гвиниашвили нараас бусад нь барилдана. Тэгвэл япончууд энэ удаа цомхон баг илгээх аж. Тус улсаас 60 кг-д Генки Кога, 66 кг-д Риема Танака, 73 кг-д Кен Ойоши, 90 кг-д Шоичиро Мүкай, +100 кг-д Хисайоши Харасава, хүнд жинд К.Кагеүра, Т.Сайто, Ю.Огава нар зодоглоно.
Г.ЦЭЦЭГ