Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян 64 дэх өдрөө болж байна.
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 45.651 иргэн 274 спорт заал, 35 фитнесс клуб, 43 клуб, 258 чийрэгжүүлэх танхим, 71 соёлын төв, есөн усан бассейнаар үнэ төлбөргүй үйлчлүүлж, идэвхтэй дасгал хөдөлгөөнд хамрагдаж буй талаар БТСУХ-ноос мэдээллээ.
Тус аяныг дэмжин дасгал хөдөлгөөнд хамрагдаж буй байгууллагын тоо өдрөөс өдөрт өсөж буй бөгөөд 791 болж нэмэгдсэн гэнэ.
Онцолж хэлэхэд, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос энэ аяны хүрээнд хоёр спорт заал, ширээний теннисний клубээ иргэдийн дунд үнэ төлбөргүй болгосон байна. Мөн тус дүүргийн Усан спорт сургалтын төвтэй хамтран харьяа хэлтэс, төрийн албан хаагчдыг усан бассейнаар үнэ төлбөргүй хичээллэх боломжоор хангасан нь сайшаалтай. Дүүргийн хэмжээнд жин хасах аян өрнүүлэхдээ, алба хаагчдын биеийн жингийн харьцааг тодорхойлж, иргэдийг спорт зааланд тогтмол хичээллүүлж, алхалт, эрүүл зөв хооллолт сэдвээр сургалт зохион байгуулж, бие бялдарын түвшин тогтоох сорил авч буй юм.