NBA-ийн энэ улирлын “Үнэ цэнтэй тоглогч” (MVP) шагналын төлөөх өрсөлдөөн Н.Йокич (“Денвер наггетс”), Ж.Эмбийд (“Филадельфи-76), Я.Антетокунмпо (“Милуоки бакс”)-гийн хооронд ширүүн өрнөв. “Милуоки”, “Филли” баг улирлын эцэст адилхан 51 ялалт, 31 ялагдлаар бүсдээ гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн бол “Денвер” харьцангуй сул (48 хожил, 34 хожигдол) амжилтаар “Өрнөд” бүсийн зургадугаар байрт орсон. Үүнээс гадна плей-оффын эхний шатнаас хасагдав. Мөн Ж.Эмбийд улирлын мэргэн бууч болж, грек тоглогч ашигтай тоглолтын үзүүлэлтээр хоёрдугаар байрт бичигдсэнээс гадна “Шилдэг хамгаалан тоглогч”-ийн төлөө өрсөлдсөн. Гэсэн хэрнээ Н.Йокич лигийн хамгийн нэр хүндтэй шагналын эзэн болсон юм. Яагаад гэдгийг нь сонирхъё.
СТАТИСТИК ҮЗҮҮЛЭЛТ
Энэ жил 27 настай серби тоглогчийн хувьд тоон үзүүлэлтээр хамгийн шилдэг улирал нь энэ байлаа. Тэрбээр MVP болсон өнгөрсөн жилийн үзүүлэлтээ ахиулж, энэ улиралд 27.1 оноо, 13.8 самбараас бөмбөг авалт, 0.9 блок-шот, 1.5 бөмбөг таслалт дунджилж, 58.3 хувийн амжилттай довтолсон нь хувийн дээд үзүүлэлтүүд болжээ. Тэрбээр нөгөө хоёр өрсөлдөгчөөсөө 30 статистик
давуу бол Ж.Эмбийд, Я.Антетокунмпо харин таваар л Н.Йокичоос илүү байгаа юм. Тэгэхээр худал хэлдэггүй тоонууд ямартай ч серби тоглогчийн талд байна. Нэмж хэлэхэд, Н.Йокич энэ улиралд хэд хэдэн гаргуун амжилтын эзэн болсон. Нэгдүгээрт, тэрбээр лигийн түүхэн дэх хамгийн өндөр ашигтай тоглолтын (32.8 хувь) эзэн болов. Харьцуулахад, 2019-2020 оны улиралд Яннисийн эл үзүүлэлт 31.9 хувь байсан. Хоёрдугаарт, Н.Йокич улирлын турш 2000 оноо, 1000 самбар, 500 дамжуулалт өгсөн NBA-ийн түүхэн дэх цорын ганц тоглогч болсон. Түүнчлэн улирлын турш багаа оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, блок-шот гэсэн гол үзүүлэлтээр тэргүүлсэн лигийн түүхэн дэх зургаа дахь тоглогч юм. Нэг үгээр хэлбэл, асар олон талт тоглолттой супер тоглогч бол Никола.
БАГИЙН ЛИДЕР
Багт гүйцэтгэх түүний үүрэг тун тодорхой. “Денвер” бол Йокич. Энэ жил баг нь плей-оффт шалгарсны гавьяа нь чухам Никола. Ж.Мюррэй, М.Портер гэсэн хоёр тоглогч нь гэмтлийн улмаас энэ улирлыг бараг бүтэн өнжсөн учир серби тоглогч багаа нуруун дээрээ үүрэхээс өөр аргагүй байдалд хүргэсэн. Үүнтэй харьцуулахад “Милуоки”, “Филли” баг огт өөр түвшинд тоглож байлаа. Ж.Эмбийдэд гэхэд Ж.Харден, Т.Макси, Т.Харрис, Яннист харин Ж.Холидэй, К.Миддлтон нарын сайн туслах байсан. Гэтэл Н.Йокичид А.Гордон, У.Бартон, М.Моррис л байв. А.Гордон энэ улиралд 15 оноо дунджилсан нь багийн довтолгооны хоёр дахь гол сонголтын хувьд лигт хамгийн муу үзүүлэлтэд орсон юм.
“Наггетс” мэдээж плей-оффын эхний шатнаас хасагдсан. Гэхдээ одоогийн “Голден стэйт”-ийг хожих нь хэр баргийн, тэр дундаа багаа ганцаараа чирч буй Н.Йокичийн хувьд ахадсан амжилт. Тиймээс багуудын хүчний харьцаа, бүрэлдэхүүнийг авч үзвэл өөр үр дүнг хүлээх боломжгүй байв. Хэдий тийм боловч энэ улиралд Н.Йокич үнэхээр биширмээр тоглолоо. Тэрбээр лигийн түүхэнд MVP шагналыг хоёр улирал дараалж хүртсэн 13 дахь тоглогч болж байна.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар