Хэдий 2022 он дөнгөж дундаа орж, 2021-2022 оны хөлбөмбөгийн улирал дуусаагүй, наймааны зах зээл нээгдээгүй байгаа ч энэ жилийн хамгийн том наймаа нэгэнт хийгдсэн гэж тооцож болохоор байна. Тодруулбал, Германы “Борусси” (Дортмунд)-гийн норвег довтлогч Эрлинг Холанд Английн “Манчестер сити” багт ирэх нь албан ёсоор баталгаажлаа. Талууд гэрээний үлдсэн нарийн ширийн заалтууд дээр тохиролцож байгаа юм. Өдгөө 21 настай довтлогч дөрвөн жилийн хугацаанд Германд тоглохдоо Европын бараг бүх топ багийн анхаарлыг татаж чадсан. Ингэхэд тэрбээр яагаад “Сити”-д ирэх болов?
ХЭЛЭЛЦЭЭ
Тэрбээр “Сити”-г сонгосноор “Реал”, “Барселона” багийн саналд татгалзсан хариу өгсөн болж таарч байна. “Athletic”-т бичсэнээр “Аваргуудын лиг”-т түрүүлэх гол зорилгоо биелүүлэхээр “Сити”-гийн удирдлага Э.Холандын төлөө “дайралт” хийх шийдвэр гаргасан аж. Норвег довтлогчийг авах хэлэлцээ маш нууц нөхцөлд явагджээ. “Реал” багтай Э.Холанд тохиролцоонд хүрсэн, аав нь Мадрид хотод байшин худалдаж авсан гэх мэт мэдээлэл сонин хэвлэлээр хөвөрч байх зуур “Сити” хэлэлцээ хийх бүхий л арга чаргыг ашигласан гэнэ.
Төрөл бүрийн эх сурвалжид бичсэнээр “Манчестер сити”-гийн удирдлага залуу тоглогчийн агент болох М.Райолаг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэж очжээ. Түүнчлэн ойрын хугацаанд гэрээгээ сунгах хүлээлттэй байгаа дасгалжуулагч Х.Гвардьолагийн нэг шаардлага нь Э.Холандыг авах байсан гэж “The Sun” мэдээлж байв. Э.Холанд харин Х.Гвардьолатай ажиллах ихээхэн хүсэлтэй байсан нь солилцоо явагдахад нөлөөлсөн аж.
ГЭРЭЭНИЙ ҮНЭ
Одоогийн байдлаар солилцооны үнэ хамгийн их сонирхол татсан хэрнээ нууцлаг байна. Английн “Telegraph” сонинд бичсэнээр Э.Холандыг худалдаж авах гэрээний заалтыг “Сити” төлж буйгаас гадна нэмэлт төлбөр хийх гэнэ.
75 сая евро: Гэрээг нь дуусахаас өмнө худалдаж авбал төлөх ёстой мөнгөн дүн. Өөрөөр хэлбэл, “Борусси”-тай байгуулсан Э.Холандын гэрээнд ийм мөнгөн дүнг зааж өгсөн байв.
125 сая евро: Гэрээ байгуулсны бонус, таван жилийн хугацаанд төлөх цалингийн нийлбэр. Норвег тоглогч долоо хоногт 350 мянган фунтын цалин авах юм.
50 сая евро: Э.Холандын агент, төлөөлөгч нарт төлөх мөнгө.
Энэ бүхнийг тооцож үзвэл “Манчестер сити” түүний төлөө нийт 250 сая евро төлж байгаа юм. Гэхдээ энэ бол эцсийн үнийн дүн гэж үзэж болохгүй. Гэрээний нарийн ширийн зүйл нууц хэвээр.
Уг наймаанаас нөгөө тал буюу “Борусси” багийг хожоотой гарч байна гэж болохооргүй. Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн хурц залуу одыг гаргаж ирсэн тус баг 100 сая хүрэхгүй евро авч буй нь нэг талаар харамсалтай билээ. Тодруулбал, 88 тоглолтод 85 гоол оруулж, 23 дамжуулалт өгсөн гоолын машиныхаа төлөө тэд дэндүү бага төлбөр авч байна.
Гэхдээ тус баг Э.Холандад шинэ зорилго, илүү сайн амжилтыг амлаж чадахгүй нь үнэн. Харин “Сити”-д тэрбээр дэлхийн шилдэг нэгэн дасгалжуулагчийн удирдлагад, шилдэг лигт ур чадвараа харуулж, олон хатуу сорилттой тулгарах юм.
Бэлтгэсэн Н.Энх