Оюуны ялгаатай хөгжилтэй хүүхэд, залуусыг спортод татан оролцуулж, хөгжүүлэн, нийгэмшүүлэх чиглэлээр Монголын тусгай олимпын хороо үйл ажиллагаа явуулдаг. Тус хороог 2013 онд байгуулсан бөгөөд түүнээс хойш тусгай олимпын өвөл, зуны дэлхийн наадамд тамирчдаа амжилттай оролцуулж, амжилт гаргаж байсан билээ. Тухайлбал, “Лос-Анжелес-2015”, “Инсбрук-2017”, “Абу-Даби-2019” тусгай олимпоос манай тамирчид есөн алт, тус бүр 15 мөнгө, хүрэл медаль хүртээд байна. Тусгай олимпын наадмын албан ёсны хөтөлбөрт бочегийн спорт багтдаг. Уг спорт нь Итали улсаас гаралтай бөгөөд бүх нас, хүйсийнхэн, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хичээллэдэг. Тусгай бочегийн спортыг манай улсад өргөн хүрээнд хөгжүүлэх зорилгоор дээрх хорооноос өнгөрсөн нэгдүгээр сард УАШТ зохион байгуулсан. Мөн саяхан нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын тусгай бочегийн холбоотой хамтран зохион байгууллаа. Үүний зэрэгцээ Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран 2021 оны наймдугаар сараас “Боломжийг бүгдэд” төслийг хэрэгжүүлж буй аж. Үүний хүрээнд 2021-2022 онд Дундговь, Дорнод, Говьсүмбэр, Сүхбаатар, Өмнөговь, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль, клубүүдэд бочегийн хэрэгсэл хүлээн өгчээ. Ингэснээр уг спортын хэрэгслүүдийг биеийн тамирын хичээл болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд өргөнөөр ашиглаж, хүүхэд, залуус ч бочегийн спортоор өргөнөөр хичээллэдэг болжээ.