Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, энэ сарын 28-ны бямба гаргийг “Автомашингүй өдөр” болгохоор шийдвэрлэлээ. Уг өдөр “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм. “Автомашингүй өдөр”-өөр Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу дахь бүх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам, “Гэсэр” сүмээс “Зоос гоёл”, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрээс БНХАУ-ын Элчин сайдын яам, Сансарын туннель хүртэлх замын хөдөлгөөнийг хаах нь. Эдгээр замаар “Улаанбаатар марафон-2022” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах аж. Цар тахлын улмаас эл тэмцээнийг сүүлийн хоёр жил өнжсөн. Олон улсын эл тэмцээнийг угтан нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар марафонд нэгдэцгээе” цомыг өдгөө нийслэл, дүүргийн хэмжээнд аялуулж буй юм. Түүнчлэн оролцогчдыг www. marathon.ulaanbaatar.mn цахим хуудсаар бүртгэж эхэлжээ. Мөн нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороодоос томилогдсон мэргэжилтнүүд бүртгэл явуулж буй аж. Бүртгэл энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.