Монголд зохион байгуулсан чөлөөт бөхийн Азийн АШТ өндөрлөсний дараа үргэлжлүүлээд 17 хүртэлх насны өсвөр үеийн УАШТ “Буянт-Ухаа” спортын ордонд гурван өдөр үргэлжилж, өчигдөр өндөрлөв. Тив, ДАШТ, олимпын наадмын дэвжээнд амжилт гаргасан тамирчдын залгамж халааг бэлдэх, U17 ангиллын ДАШТ болон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдыг сонгох зорилгоор тус тэмцээнийг зохион байгууллаа. Хөвгүүдийн багийн дүнгээр Ш.Баянмөнх дасгалжуулагчтай “Тэх-Мөнх” клубийнхэн 98 оноогоор тэргүүлж, алтан цом гардсан юм.
Г.Амархүү дасгалжуулагчийн удирдлагад оролцсон Сэлэнгэ аймгийнхан 97, Б.Идэрсайхан дасгалжуулагчаар ахлуулсан Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийнхан 94 оноогоор удаалав. Охидоос Л.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймгийн багийнхан (115 оноо) тэргүүлж, Гавьяат тамирчин Б.Одончимэгийн удирдсан “Алдар” спорт хорооны бөхчүүд (95 оноо) мөнгө, П.Пүрэвцогт дасгалжуулагчтай Архангай аймгийнхан (86 оноо) хүрэл цомын эзэн болжээ. Техниктэй бөхийн шагналыг 71 кг-ын жинд аварга болсон Баянгол дүүрэг, 73 дугаар сургуулийн тамирчин Б.Ган-Эрдэнэ хүртэв. Тэмцээний жин тус бүрт түрүүлсэн бөхчүүд Киргизийн Бишкек хотод зургадугаар сарын 19-26-нд болох Азийн аварга, долдугаар сарын 25-31-нд Италийн нийслэл Ромд зохион байгуулах ДАШТ-д оролцоно.