Гадаа чинь би зогсож байна
Хайрт минь хоёулаа
Хаашаа ч хамаагүй явъя!
Хамтдаа байж болох газар
Хаана байна, тэнд хүрье.
Хүрч очсон газраа чи минь
Хөгжмөө тогло, дуугаа дуул...
Хүзүүн дээр минь хааяа зөөлөн үнсэж,
Хүүхэд шиг эрхэл, хүссэнээрээ бүжиглэ!
Цагаахан хус адил гэрэлтэх чамайгаа би
Цаг үргэлж жаргалтай байхыг чинь хармаар байна!
Шижир тунгалаг нүдний чинь харц дандаа
Шинээр гэрэлтэж, хайраар дүүрч байхыг үзмээр байна!
Хонгор минь хоёулаа
Хоргодох юмгүй, эндээс явъя!
Хоног өдрүүдийг цөхөрч баралгүй
Хоёр биедээ шигдэн аж төрье!
Өргөн талын дунд нэг сайхан байшин барьж, тариан талбайтай болъё
Үзэсгэлэнт чамдаа зориулж би цэцгийн хүлэмж барьж өгье!
Өр цээж дарчхаад байгаа энэ хүнд чулуугаа орхичхоод
Үнэнч хайрын түүхээ өнөөдрөөс эхлээд бичье!
Өмссөн хувцас, үүрсэн цүнхтэйгээ
Үүдэнд чинь би ирж байна!
Хамаг дотнын бүхнээ орхиод
Хайрт минь би гадаа чинь зогсож байна!