Ой, хээрийн болон ахуйн гал түймрийн дуудлага сүүлийн үед эрс нэмэгдэж, долоо хоногт аюулт үзэгдэл, ослын тохиолдол 200 давж байна. Ганц хоногийн дотор онцгой байдлын байгууллагад гал түймрийн 21 дуудлага иржээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо буюу Гачууртын Шар хоолойн Булгийн амд ойн түймэр гарчээ. Тус дүүргийн онцгой байдлын хэлтэс, Гал унтраах, аврах 35, 63 дугаар анги, Баянзүрх Эко тохижилт үйлчилгээний газрын ажилчид, 33 дугаар хорооны иргэд, “Оправт” авто клубынхан түймрийг унтраахаар ажиллаж, цурманд оруулж. Автомашин хүрэх боломжгүй бартаа саад ихтэй, уулын оройд түймэр гарсан учир аврах ангийнхан болон иргэд бидон, саваар ус зөөж, галыг тархаалгүй “барьж авчээ”. Гэвч өчигдрийн 16.00 цагийн байдлаар галыг бүрэн унтраагаагүй байв. Түймэр гарсан газраас холгүйхэн мал бүхий иргэд амьдардаг бөгөөд зарим айлын хашаа, гэр лүү нь гал орох гэж байсныг нутгийн иргэд шуурхай унтраасан аж. Урьдчилсан байдлаар 12 га талбай өртсөн гэнэ. Шар өвс шатаасны улмаас гал алдаж, уулын мод руу тархсан талаар тэндхийн оршин суугчид ярьж байна. Мөн энэ өдөр Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дорнод аймагт ой, хээрийн түймэр дэгджээ.
Ч.Туяа