Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гийн дэмжлэгтэйгээр манай улсын холбогдох байгууллагынхан хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх” төслийг 2021 оноос энэ жилийн зургаадугаар сарыг дуустал хэрэгжүүлжээ. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх зорилготой төсөл аж. Төслийн үр дүнг өчигдөр олон нийтэд тайлагнасан юм.
2021 оноос хойш төслийн багийнхан ажлын байрны 207 дадлагажуулагч бэлтгэжээ. Тэдгээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, шаардлагатай дэд бүтэц, мэдээллийн хүртээмж зэргийг сайжруулах чиглэлээр ажил олгогч болон горилогчид мэдлэг, ойлголт өгөх үүрэгтэй юм. Бэлтгэсэн дадлагажуулагч нар хөгжлийн бэрхшээлтэй 223 иргэнд үйлчилгээ үзүүлснээс 151 нь байнгын ажлын байртай болжээ. Мөн цаашид ажлын байрны дадлагажуулагчдыг бэлтгэх эрхтэй, үндэсний хэмжээнд ажиллах боломжтой 16 сургагч багшийг сургасан гэнэ.
Ажлын байрны дадлагажуулагчийн үүрэг, ач холбогдлыг тодорхой хүрээнд мэддэг болсон ч Монголын нийт аж ахуйн нэгж, байгууллага, ялангуяа орон нутгийнхны ойлголт хангалтгүй хэвээр байгааг төсөл хэрэгжүүлэгчид онцолжээ. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан уг төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналаа ЖАЙКА-д албан ёсоор хүргүүлсэн байна.